Мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үр дүнтэй явуулах чиглэлд сургагч багш бэлтгэлээ
Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн болон санхүүгийн бус салбарын оролцогчдыг зохицуулах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн болон санхүүгийн бус салбарын оролцогчдыг зохицуулах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд зохицуулалттай салбаруудын оролцогчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, тэдгээрийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, салбарын өсөлтийг дэмжих зорилгоор мэргэжлийн холбоодтой байнга хамтран ажиллаж мөн холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Тодруулбал, мэргэжлийн 14 холбоотой хамтран 20 гаруй сургалтыг зохион байгуулж байна. Эдгээр сургалтын чанар, стандартыг сайжруулах, сургалтын хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх буюу салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг үр дүнтэй явуулах зорилгоор “Сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа.
“Санхүүгийн боловсролын зангилаа” ГҮТББ-тай хамтран зохион байгуулсан сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох 20 албан хаагч хамрагдаж мэргэшүүлэх сургалтуудын чанар, үр дүнг сайжруулах чиглэлд мэдлэг, мэдээлэл олж авлаа.
Тус албан хаагчдад дээрх төрийн бус байгууллагын туршлагатай зөвлөх багш нар “Насанд хүрэгчид”-ийн сургалтын хэрэгцээнд тулгуурлан сургалтын зорилго, үр дүнг оновчтой тодорхойлох, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг үр дүнтэй төлөвлөх, цахим болон танхимын сургалтын арга хэрэгслийг хэрхэн ашиглах мөн сургалтыг хэрхэн үнэлэх зэрэг ур чадварын талаар сургалт мэдээлэл өгсөн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















