MNB.mn сайтын хамт олон уншигчиддаа мэндчилгээ дэвшүүлж байна
Хүн бүр, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр юм.
Мэдээллийн алба

Эрхэм хүндэт уншигч даа!
Дундаршгүй амжилтаараа түмэн олон бахархаж
Дуу эгшиглэн, бүжиг цэнгүүнээр наадан хөгжих
Хүмүүн төрөлхтөн дурсамж дүүрэн 2018 оноо үдэж
Хуанлийн хуудсанд шинэ түүх бичигдэх шинэ оноо угтахад хэдхэн цаг үлдээд байна.
Хүн бүр, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр юм.
МҮОНРТ-ийн MNB.mn сайтын хувьд ч шинээр хийж бүтээсэн ололт амжилтаар дүүрэн байж 2018 оныг үдэж байна. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн MNB.mn сайтын талбараар уран бүтээлчдийнхээ нэвтрүүлэг, бүтээл туурвилуудыг хүргэдэг байсан бол 2018 онд манай хамт олон МҮОНРТ-ийн Сошиал хөгжүүлэлт, креатив алба болон өргөжиж, өдгөө олон нийтийн цахим сүлжээг ашиглан, цаг хором тутамд шинэ бүхнийг үзэгч, уншигч, сонсогчид доо хүргэхэд анхаарч байна.
2018 онд MNB.mn сайтын уншигчдын тоо 1,5 дахин нэмэгдэж, олон нийтийн цахим сүлжээн дэх хэрэглэгчид даруй 3 дахин өслөө. MNB.mn сайт дэлхийн бусад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа нийт монголчууддаа хандсан нийтлэлийн бодлогоо чанаржуулж, "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр, "Өглөө" хөтөлбөр, "Гэрэлтэй цонх" үдшийн хөтөлбөр зэрэг МҮОНРТ-ийн сувгууд, уран бүтээлчдийн нэвтрүүлэг, бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээгээр үзэгчдэд хүргэх ажлыг тогтмолжуулан, байнгын ажиллагаатай фэйсбүүк хуудсуудыг төрөлжүүлэн ажиллуулж ирлээ.
Мөн Монголын радио, Үндэсний телевиз, “Монголын мэдээ” суваг, Пи-3 радиогийн хөтөлбөрийг сайтын VOD системийн тусламжтайгаар 14 хоногт багтан нөхөж үзэх, сонсох боломжоор хэрэглэгчддээ бэлэг барьж байна.
Өнгөрч байгаа 2018 онд бид цахим талбараар “Монголын эдийн засгийн форум 2018”, “WorldCupFIFA2018” ДАШТ, Азийн спортын их наадам, Улсын Их баяр наадмыг шууд дамжуулан үзэгчдэд хүргэлээ.
Ийм л амжилт ололтоор бид ирж буй шинэ оноо угтаж байна. Сайхан Монгол оронд минь 2019 он айлчлан ирлээ. Айл бүрийн гэрт инээд хөөр, аз жаргал бялхаж, ирэх ондоо амжилт ололт, хүсэл мөрөөдлийн биелэл цогцолж байхыг бэлэгшээн шинэ оноо хамтдаа угтацгаая! Шинэ жилийн мэнд дэвшүүлье.
МҮОНРТ-ийн Сошиал хөгжүүлэлт, креатив алба
MNB.mn сайт


















