“Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулна
Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжих зорилготой “Монголын инновацийн 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд
Мэдээллийн алба

Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжих зорилготой “Монголын инновацийн 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд “Монгол инженер - 2018” нэгдсэн арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр энэ сарын 20-22-нд зохион байгууллаа.
“Монгол Инженер-2018” нэгдсэн арга хэмжээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат тэргүүтэй захирлууд болон Ардын багш, академич Ч.Авдай, гавъяат багш Н.Төмөрбаатар нарын хүмүүс оролцлоо. Харин аж ахуй нэгж, байгууллага, компаниас Оюу Толгой, “Вагнер Ази”, ХААН болон Улаанбаатар банк, ЧПМ ХХК, ТЭСОкорпорац, Дархан Геомаш ХХК, Монголын залуучуудын холбоо, Мөнгөн пирамид ХХК, СанкоТек ХХК, “Эрдэм транс” ХХК болон Орхон, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, ХААИС, ҮБХИС-ийн төлөөлөл, багш нар оролцлоо.

“Монгол Инженер - 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд инженер, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал, инженерийн программын (MasterCAM, Ansys, Solidworks) сургалт, зураг төслийн автоматжуулалтын CAD/CAE/CAM болон Механикийн онолын хичээлүүдийн (Онолын механик, Машин механизмын онол, Материалын эсэргүүцэл, Машины эд анги, Хэрэглээний механик) улсын олимпиад, инженер техникийн ажилтан болон оюутнуудын дунд багийн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, ШУТИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Монгол инженер 2018” арга хэмжээний үйл ажиллагаатай танилцан оюутан залуус, профессор, багш, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, харилцан санал солилцон төр-хувийн хэвшил-их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтойг онцлон уралдаан тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм.
Арга хэмжээнд нийт 14 албан байгууллагын 48 инженер, техникийн ажилтнууд, дотоодын 14 их, дээд сургууль, гадаадын нэг их сургуулийн 258 (давхардсан тоогоор) оюутан, 100 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо.



















