Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Хятадын Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол, Хятадын Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
Монгол, Хятадын Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ. Чан Ваньцюанийг дагалдаж Бээжингийн цэргийн тойргийн Улс төрийн комиссарын орлогч дарга, дэслэгч генерал Гао Дунлу, Шинжааны цэргийн тойргийн Улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Ван Аньлун, Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зи Гуовэй нарын төлөөлөгчид ажиллаж байна.


Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, "Туслалжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Ц.Цолмон сайд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагад энэ жил анх удаагаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн салааны бие бүрэлдэхүүнийг илгээн оролцуулсанд талархал илэрхийлээд цаашид энэ оролцоогоо хадгалж, энхийг дэмжих туршлага солилцох зорилготой хоёр талын болон олон улсын хамтарсан сургууль дадлагыг өргөжүүлж тогтмолжуулна хэмээн найдаж байна гэв. Цаашид Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалт, сонгуульт албан тушаалд өрсөлдөж байгаа цэргийн алба хаагчдаа харилцан дэмжих, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бүс нутаг, газар орны талаар мэдээлэл солилцох, шаардлагатай үед хүн хүч, техникээр харилцан туслах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ хэмээн бодож байна. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналтай байгааг хоёр тал онцолжээ.


2013 онд “Цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах, зэвсэглэл, техник, сэлбэг хэрэгслийн чанар байдлыг сайжруулах зэрэг олон асуудлын талаар талууд идэвхтэй хамтран ажиллах боломжийг нээж өгсөн тухай ярьсан. Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, энхийг сахиулах, байгалийн гамшгийг арилгах чиглэлээр хамтарсан сургууль явуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байгаа билээ.


Ийнхүү хоёр талын уулзалт, хэлэлцээ нь батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээнд боллоо. Энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм.

БНХАУ-ын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, БХИС-д зочлохоор төлөвлөжээ.


Хуваалцах