Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Хятадын залуучуудын бизнес уулзалт болно

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол, Хятадын залуучуудын бизнес уулзалт болно
Монгол, Хятадын залуучуудын бизнес уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард хоёр орны залуучууд туршлага солилцооны хөтөлбөрийн дагуу Монголын шилдэг 100 залуу БНХАУ-ын Бээжин, Циндао хотуудад айлчилж байсан бол энэ оны есдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын шилдэг 60 залуу манайд айлчлах гэж байна. Айлчлалын зорилго нь Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуус Монголын залуучуудтай танилцах, харилцан туршлага солилцох юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй өндөр албан тушаалын залуус багтсан томоохон хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг айлчлалын үеэр 9-р сарын 12-нд БИЗНЕС УУЛЗАЛТ зохион байгуулагдах юм.

Монголын бизнес эрхлэгч залуучуудтай харилцан хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг судлахаар Хятадын бизнес эрхлэгч залуучууд ирэх бөгөөд энэхүү уулзалтад Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох, чөлөөт уулзалтууд болно.

Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуучууд оролцож байгаа юм.

Энэхүү айлчлалаар Монгол, Хятад орнуудын залуучууд түншлэлээ өргөжүүлж, бизнес саналаа солилцох, хамтарч ажиллах бүх талын боломжууд нээгдэнэ. Мөн энэхүү бизнес уулзалтад оролцогчдыг МЗХ-ны байранд бүртгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91114565, 89933434, 99131044 утсаар болон myf.mn сайтаас авна уу.

ОРОЛЦОГЧИДИЙН АНКЕТ ТАТАЖ АВАХ

Хуваалцах