Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол түмэн минь сайхан наадаарай

Есөн хөлт цагаан туг ерөөл бэлгэдэн заларч ертөнцөд ганцхан монгол наадам ёслол төгөлдөр эхэлж байна. Дайчин зоригт эрсийн баяр тэнхээ зодогондоо багтаж ядна, дэлхийг бөмбөрдсөн монгол хүлгийн дөрвөн “жигүүр” гарааны зурхайд тогтож ядан, даамай мэргэн харваачдын нум тэлэхээ хүлээн, дэгдэх салхинаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол түмэн минь сайхан наадаарай
Монгол түмэн минь сайхан наадаарай. Зураг: МҮОНРТ

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам эхэллээ.

Энэхэн мөчид эрхэм олон наадамчид Хүй долоон худгийн дэнж дээрээс хурдан азаргуудаа гарааны зурхай руу үдэхээр хэдийнээ хуран цугларчээ. Энэ бүх үйл явцыг МҮОНРТ-ийн явуулын станцын инженер, техникч, уран бүтээлчид болон MNB.MN сайтын хамт олон хурдан, шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Эрхэм үзэгч, уншигч та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэн гэгч хүчтэн бяр хүчээ гайхуулан, хэний хурдан ажнай шандас сорин хурдалж, аль нутгийн гоц мэргэн хэний сум ончтой байгаа болон наадам тойрсон бусад сонирхолтой мэдээ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь Олон нийтийн цахим талбар MNB.MN сайт, Mongolian National Broadcaster фэйсбүүк болон youtube сувгаар хүлээн авах боломжтой.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа минималист хэв маягаар зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлогтой юм.

2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д багтсан Эрийн гурван наадам маань энэ жилээс албан ёсны бэлгэдэлтэйгээр зохион байгуулагдаж байна. Эх сайхан орны минь өнцөг булан бүрт Монгол наадмын уухай хадаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт агуу их түүхээрээ гайхуулсан эрхэмсэг Монгол ард түмэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд морь нь хурдан, Монгол бөхчүүдийн бяр чадал, эрэмгий зориг, эрдэм ухаан хурц, тавьсан сум нь онч мэргэн байх болтугай. Эх сайхан орны минь өнцөг булан бүрээс хуран чуулж, нэгэн тугийн дор нэгдсэн Монгол түмэн минь сайхан наадаарай.

MNB.mn сайтын редакц

Хуваалцах