Монгол Улсын 2308 иргэн БНСУ-д гэрээний хугацааг хэтрүүлэн ажиллаж байна
Монгол Улс, БНСУ-ын дипломат болон албан паспорттай иргэд 2012 онд байгуулсан "Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу 90 хүртэл хоногоор визгүй зорчдог болсон.
Мэдээллийн алба

Монгол Улс, БНСУ-ын дипломат болон албан паспорттай иргэд 2012 онд байгуулсан "Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу 90 хүртэл хоногоор визгүй зорчдог болсон.
Харин энгийн гадаад паспорттой иргэд 2009 оны 3 дугаар сараас хойш 90 хоногийн визтэй харилцан зорчдог болсон юм. Үүний зэрэгцээ сүүлийн 2 жилд 4-өөс дээш буюу 10 удаа зорчсон, оршин суухтай холбоотой зөрчил гаргаагүй, энгийн паспорттой иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд оршин суух 5 хүртэлх жилийн хүчинтэй хугацаа бүхий олон удаагийн визийг 2017 оноос олгож эхэлсэн байдаг.
Мөн 2004 оноос эхэлж БНСУ-ын "хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо"-ны дагуу Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах 26 607 иргэнийг БНСУ-д хүлээн авчээ.
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээнд, өнөөдрийн байдлаар манай улсын 6353 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Эдгээрээс 4045 нь хууль ёсоор оршин сууж, хөдөлмөр эрхэлж байгаа бол, 2308 иргэн нь гэрээний хугацааг хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж байгаа иргэд юм байна. Энэ нь шинээр ирж байгаа, гэрээний хугацаа нь дуусч нутаг буцаж буй иргэдээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар манай улсаас 1301 иргэн гэрээт ажилтнаар шинээр БНСУ-д очоод байна. Эдгээрийн 1204 нь буюу 93 хувь нь эрэгтэй ажилчид байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.


















