Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тн-оор нэмэгдүүллээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн “Алт-2 үндэсний” хөтөлбөртэй холбоотой зарим тоо баримтыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн “Алт-2 үндэсний” хөтөлбөртэй холбоотой зарим тоо баримтыг хүргэж байна.
Алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, 5 үндсэн ордын 18697,9 кг нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тн-р нэмэгдүүлээд байгаа аж. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлал, урьдчилсан тандан судалгааны хамтаар боловсруулсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үзэл баримтлалыг батлуулахаар Сангийн яаманд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлээд байгаа аж.
Монголбанк 2018 оны 09 дүгээр сард 2122,8 кг алт худалдан авснаар энэ оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан аваад байна. 2018 оны 9 дүгээр сарын эхэн үед 1 грамм алт худалдан авах үнэ 95,445.95 төгрөг байсан бол одоо нэмэгдэж 101061,81 төгрөг болоод байна. Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулжээ.
Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэх юм байна.


















