Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно

“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлаг, Монголын Залуучуудын холбооноос хамтран өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно. Зураг: МҮОНРТ

“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлаг, Монголын Залуучуудын холбооноос хамтран өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулна. 15 дахь жилдээ болж байгаа тус үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажиллаж байгаа бөгөөд Залуусын BE брэнд, Гоо брэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ ажиллаж байгаа юм. Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгийг өгнө.

Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг юм. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, "Яг түүн шиг" шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг тоох соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байдаг. Монголын Залуучуудын Холбоо 2017 оныг “Залуусаа Нэмье” уриалгатай өрнүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” юм.

Хуваалцах