“Монголд үйлдвэрлэв-2022” үзэсгэлэн худалдаа Сөүлд боллоо
Монгол, БНСУ хоёр орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн коридорыг нээн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь монголчуудын оролцоо арга хэмжээ БНСУ-ын Сөүл хотод боллоо.
Мэдээллийн алба

Монгол, БНСУ хоёр орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн коридорыг нээн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь монголчуудын оролцоо арга хэмжээ БНСУ-ын Сөүл хотод боллоо.
Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, БНСУ дахь Монгол иргэдийн холбоо, Мишээл экспо компани хамтран энэ сарын 5-11-нд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд "Монголд үйлдвэрлэв-2022" үзэсгэлэн худалдаа болж өндөрлөсөн байна. Уг үзэсгэлэн худалдаанд таван салбарын 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэжээ.
Тухайлбал, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, монгол үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйл, хүнсний бүтээгдэхүүн тус үзэсгэлэнд дэлгэсэн юм.
Дээрх үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Оргилболд, Жижиг дунд үйлдвэрийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Э. Гэрэлзаяа, Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хёнг, Дүндэмүн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Жон Сон Ён, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, Монгол иргэдийн холбооны тэргүүн Э.Ажирсүрэн, Мишээл экспо компанийн гүйцэтгэх захирал Б. Баяндалай, Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид болон Пунгхуа мужийн төлөөлөгчид ирж оролцлоо. Үзэсгэлэн оролцогчид Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар стандарт, дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг онцолж байлаа. Мөн цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


















