Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлстнүүдээ алдаршууллаа

Жил бүрийн тавдугаар сарын 08-ны өдрийг олон улсын улаан загалмайн өдөр болгон дэлхийн 191 улсад тэмдэглэн өнгөрүүлдэг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлстнүүдээ алдаршууллаа
Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлстнүүдээ алдаршууллаа. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн тавдугаар сарын 08-ны өдрийг олон улсын улаан загалмайн өдөр болгон дэлхийн 191 улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд зориулж МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Энэрэнгүй үйлстнийг алдаршуулъя” аяны оролцогчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хүмүүнлэгийн төлөөх 80 жил” сэдэвт гар зураг, шүлгийн уралдааны шилдгүүд, хүндэт доноруудыг шагнаж урамшуулсан юм.

Тухайлбал, “Энэрэнгүй үйлстнийг алдаршуулъя” аяны оролцогчид болох

-Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр

-“Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”

-Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хорооны дарга Г.Жавзандулам

-Цэргийн эмнэлгийн нүдний тасгийн эмч Г.Сайхантуяа

-Эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримтжуулсан нийгмийн ажилтан Х.Олзбаяр

-Эмзэг бүлгийн иргэдийг үзлэг, оношилгоонд тогтмол хамруулдаг “Энэрэл” эмнэлэг,

-МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб,

-Дауны холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг н.Батцэцэг зэрэг нийгэмд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх ажилд идэвх, санаачилга гарган оролцож буй байгууллагуудыг алдаршуулж өргөмжлөв.

“Хүмүүнлэгийн төлөөх 80 жил” сэдэвт гар зургийн уралдаанд нийт 366 бүтээл ирүүлснээс шилдэг 18 бүтээл, шүлгийн уралдаанд 167 бүтээл ирснээс мөн шилдэг 18 бүтээлийн тус тус шалгаруулж өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг, Донорын холбоо хамтран бусдын амь нас эрүүл мэндийн төлөө өөрийн цусаа бэлэглэж буй 27 хүндэт донор, ахмад донорыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Энэрэнгүй алт”, “Нигүүлсэл мөнгө”, “Энэрэнгүй үйлстэн” зэрэг медалиар шагнаж урамшуулсан юм.

Хуваалцах