Монголын үзэгчид “Дэлхийн түүхүүд”-тэй танилцана
МҮОНРТ хүн төрөлхтөнд ухаарал хайрласан, сэтгэл хөдөлгөм баримтат кинонуудыг бүтээн туурвиж, дэлхийн хүмүүст илгээдэг “WORLD STORIES” олон улсын алдартай уран бүтээлчдийн багийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ хүн төрөлхтөнд ухаарал хайрласан, сэтгэл хөдөлгөм баримтат кинонуудыг бүтээн туурвиж, дэлхийн хүмүүст илгээдэг “WORLD STORIES” олон улсын алдартай уран бүтээлчдийн багийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.
Олон улсын баримтат бүтээлийн уралдаанууд, кино фестивалийн олон удаагийн шагнал хүртсэн, дэлхийн нэрт найруулагч, продюсерүүдийн бүтээсэн “Дэлхийн түүхүүд” цуврал баримтат кино нь “BBC World News” болон Данийн “THE WHY” байгууллагын хамтын бүтээл бөгөөд дэлхийн олон нийтийн телевизүүдэд зориулсан тусгай контент юм.
“Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат кино Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байгаатай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Глоб интернейшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал нартай "Санамж" бичиг байгууллаа.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “МҮОНРТ нь бие даасан хараат бус, үнэн бодит мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, баримтат кино, дэлгэцийн бүтээлийг дамжуулан түгээх зорилгоо зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байна. Энэ бол “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат киног Монголын үзэгчдэд анх удаа хүргэх гэж буй энэ торгон агшин юм. Ийм боломжийг олгосон “The Why Foundation”-ны үүсгэн байгуулагч, “Дэлхийн түүхүүд” төслийн ерөнхий продюсер Метте Хофманн Маяр, Продюсер Мария Коломейр нарт Монголын үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. Мөн “Бид дэлхийн уран бүтээлчидтэй нэг зүг харж, нэг хэмжээнд сэтгэж, нэг тавцан дээр зогсож, харилцан суралцаж, хамтран хөгжих ёстой. Үүний томоохон жишээ бол “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат кино” гэдгийг онцоллоо.
“Дэлхийн түүхүүд” цувралд Монголын онцлогийг шигтгэж өгнө
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж:

-Хүний эрх гэж хүний нийгэмд амьдрах боломж, нөхцөлийг хэлдэг. Хүн хаана ажиллаж, амьдарч байна тэнд хүний эрхийн асуудал яригддаг. Ялангуяа хүний эрхийн зөрчлийг хүний эрх хариуцдаг байгууллага дангаараа шийднэ гэж байхгүй. Миний баруун гар сэтгүүлчид байдаг бол зүүн гар маань иргэний нийгмийн байгууллага гэж ойлгож болно. Би найман жил хүний эрхийн байгууллагад ажиллаж байна. Өнөөдрийн энэ үйл явдалд сэтгэл ханамж 100 хувь байна. Телевиз бол хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгслийн нэг. Тэр дундаа хүний эрхийн тулгамдсан асуудлыг олон улсын жишигтэй нийцүүлэн кино маягаар гаргах гэж байгаа нь маш чухал юм. “Дэлхийн түүхүүд” цувралд Монголын онцлогийг шигтгэж өгнө. Тэгэхээр “Халтар царайт” кино шиг хүмүүсийг цуглуулдаггүй юм аа гэхэд хамаг олны анхаарлыг татсан нэвтрүүлэгтэй болж байна гэж ойлгож болох нь. Миний хувьд хүний эрхийн байгууллагад ажилласан хугацаан дахь хамгийн ололттой ажлын нэг болж байна.
Энэ кино нийгэмд асар их өөрчлөлтийг авч ирнэ гэдэгт найдаж байна
“Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал:

-МҮОНРТ “Дэлхийн түүхүүд” хэмээх хүний эрхийн тухай баримтат кино үзүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх чухал төслийг эхлүүлж байгаад баяртай байна. Хүний эрхийн асуудал гэдэг нь хүн байхын утга учрын тухай асуудал юм. Энэ кино нийгэмд асар их өөрчлөлтийг авч ирнэ гэдэгт найдаж байна. Дэлхийн бусад улс орны хүний эрхийн асуудлаар дамжуулж бид өөрсдийнхөө хүний эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх гэж байгаа нь яах аргагүй чухал үйл явдал. Энэ төсөл манай байгууллагын стратегийн зорилт болоод бүх хөтөлбөртэй нягт уялдаатай байгаа учир өнөөдөр "Санамж" бичигт гарын үсэг зурлаа. ОНРТ бол нийт үндэстний эрх ашигт үйлчилдэг тусгай статустай өвөрмөц байгууллага. Үүгээр дамжуулан үзэгчдэд хүний эрхийн тухай үзүүлэх нь өөрөө хамгийн чухал үйл явдал. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна.
“Дэлхийн түүхүүд” кино нь даяаршиж байгаа дэлхий ертөнцөд яг одоо ид өрнөж байгаа улс төрийн маргаан, нийгмийн шударга ёсны хөдөлгөөн, улс үндэстний соёл, шашин шүтлэг, хүн төрөлхтний хийгээд хүний эрхийн асуудлыг хөндөж сая сая үзэгчийг олон нийтийн телевизийн сүлжээгээр холбож ойртуулсаар байгаа гайхамшигтай цуврал юм.
МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ээр та бүхэн өнөөдөр “Дэлхийн түүхүүд” цуврал баримтат кинотой холбоотой хэлэлцүүлэг, тус цувралын эхний анги болох “Мятрашгүй эгч нар” баримтат киног хүлээн авч үзээрэй.


















