Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир: Анхны сонсогчоос авьяаслаг хамт олны дунд..

Радио өргөн нэвтрүүлэг үүсэн байгуулагдсаны энэхүү түүхт ойтой ажил амьдралаа холбосон ахмад, дунд болон шинэ үеийн уран бүтээлч, нийт ажилтан албан хаагчиддаа болон Мэдээлэл технологи шуудан харилцааны газар, РТ-ийн сүлжээ улсын үйлдвэрийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олонд 80 ж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир: Анхны сонсогчоос авьяаслаг хамт олны дунд..
МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир: Анхны сонсогчоос авьяаслаг хамт олны дунд... Зураг: МҮОНРТ

- Юуны өмнө танд болон танай хамт олонд МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Түүхт ойн онцлог?
- Баярлалаа. Радио өргөн нэвтрүүлэг үүсэн байгуулагдсаны энэхүү түүхт ойтой ажил амьдралаа холбосон ахмад, дунд болон шинэ үеийн уран бүтээлч, нийт ажилтан албан хаагчиддаа болон Мэдээлэл технологи шуудан харилцааны газар, РТ-ийн сүлжээ улсын үйлдвэрийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олонд 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мөн МОНРадио сонсогчид маань 80 жилийн баярыг хамтдаа хуваалцаж байгаа та бүхэнд баярын мэндийг уламжилж байна.
Ойн онцлог гэвэл Монгол Улсын түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой гэдгээрээ тодорхойлогдоно. Радиогийн түүхийн онцлог нь Монгол орны нутаг дэвсгэр, тусгаар тогтнол аюулгүй байдал, нийгэм, улс төр, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд хөдөө аж ахуй газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, зэвсэгт хүчний түүх зөвхөн Монголын радиод бичигдэж ирсэн өвөрмөц онцлогтой онцгой мэдээллийн хэрэгсэл юм.

- 80 жилийн түүхтэй Монголын Радиог сонсож өсөөгүй хүн нэгээхэн ч үгүй. Таны хувьд Радиогийн сонсогч байсан үеэ дурсвал.
- 1950-иад онд Монголын ОН радио төдийлөн хүртээмжтэй байгаагүй л дээ. Тэр үед гурван том батерейгаар ажилладаг “Эх орон -52” гэдэг радио хүлээн авагч байлаа. Цөөхөн айл тийм радиотой байсан санагддаг. Намайг бага байхад мөнгө төгрөгтэй нэлээд боломжийн айлд л энэ радио хүлээн авагч байдаг байсан. Тэр айлд орж радио хааяа сонсоно. Хүүхэд болохоор бас сонирхоно. Бидний үеийнхэн сургуульд орсон тэр цагаас радио сайн сонсдог болсон шүү дээ. Дотуур байрны багш гэж байсангүй. Харин манаач юм уу, комендат гэдэг настай өвөө биднийг сэрээнэ. Ихэнх хүүхдүүд сургуулийнхаа дотуур байранд байдаг байсан болохоор өглөө 6 цагт босч радиогаар заах өглөөний дасгалыг /гимнастик/ даган хийж өссөн шүү дээ.
Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу гэхэд босож, үлгэрийн цагаа сонсоод хүүхэд бүр л унтдаг тийм л цагт бойжсон. Одоо танд гэж хэлэхэд сонин дурсамж байгаа биз дээ. Айлуудад хүмүүс олноор орж сууж байгаад “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээ сонсоно. Том жижиггүй л радиогоо чих тавин сонсдог байлаа. Хүн бүрийн сонорыг мялаасан ганц мэдээллийн хэрэгсэл нь радио байлаа.

- Та хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан даа?...
- Тийм ээ. Сонины нийтлэлийн бодлого, радиогийн нэвтрүүлгийн бодлогоос огт өөр юм. Сонин бол тухайн сэтгүүлчийн хөдөлмөр уншигч танд хүрснээр та хэдэн удаа ч уншиж шүүн тунгаах боломжтой бол, харин радиогийн нэвтрүүлэг нэг л хоромд сэтгэлд тань буутал итгэл үнэмшилтэй, сонсголонтой уянгалаг яруу тансаг байж оюун ухаанд шингэтэл ойлгуулах учиртай. Энэ бүхэн радио сэтгүүлч, найруулагч, дууны найруулагч, нэвтрүүлэгч гээд олон хүний хүч хөдөлмөрөөр бий болдог бүхэл бүтэн урлаг юм.

- Одоо та энэ хамт олныг удирдаж яваа хүн. Энэ том айлыг сонсогч гэдэг талаас нь мэддэг байсан байх. Харин одоо өөрөө оролцоод ирэх хоёрт алдаа, оноог нь хэр илүү мэдэрч байна.
-Мэдээж хэрэг халуун ам бүлд нь ажлын тогоонд нь чанагдаад ирэхээр радио нэвтрүүлэг илүү сонсдог төдийгүй сонсогч түмэнд зайлшгүй хэрэгтэй мэдээ мэдээлэл мөн зан заншил, уламжлал, түүх соёл, төрт ёсны тухай ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлзүй чиглэлтэй нэвтрүүлэг ихэд шаардлагатай байсан зэргийг мэдэрч байна.
Зуун зууныг холбосон түүхийн гэрч болсон МР-ийн 80 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг удирдах, биечлэн оролцож зохион байгуулах азтай бас завшаан үйл хэрэг миний амьдралын явцад тохиож буйд туйлын баяртай, сэтгэл ихэд өөдрөг явдаг л даа.

Монголын Радио нь хууль эрх зүйн хүрээнд орон даяар гадаад, дотоодын улс оронд бодитой үнэн, чадвартай чансаатай мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж сонсогчдод түгээх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгааг сонсогчид, эрдэмтэн судлаачид үзэж байгааг эргэх холбоо сувгаас бидэнд ойлгуулж байгаа л даа.

- Монголын радиогийн 80 жилийн ойн хүрээнд хийж буй ажлаасаа дурдвал.
- Өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн хамгийн гол ажил гэвэл Радио сонсогдолтыг орон нутагт сайжруулах явдал юм. Монголын радиод тавигдсан онцлог хэрнээ хамгаас чухал шаардлага байлаа. Энэ ажлын үр дүнд 380 гаруй сум болон суурин газарт FM 105.5 станцуудыг РТС, УТҮГ-аас эрхлэн суурилуулсан. Сүхбаатар аймгийн 17 суманд суурилуулан бүрэн ашиглалтад орсон байгаа. Увс аймгийн сумдад мөн суурилагдсан. Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Ховд аймгуудад сонсогдолтын чанар хүртээмж дээшилсэн. Монголын Радиогийн нэвтрүүлгийг телевизийн DDSH- ийн “долоо дугаар” сувгаар цацаж эхэлсэн. Фм- 105.5 аймаг сумдад радио өргөн нэвтрүүлгийг саадгүй хүлээж авах боломжтой боллоо. Гар утсаар, автомашинд, интернэтээр бас хүлээн авч байна. Энэ бол шинэчлэлт.

- Уран бүтээлийн хувьд ямар амжилтаар ойгоо угтав.
- Монголын радиогийн алтан сан хөмрөгөө баяжуулах бүтэн жилийн цогц ажиллагаа хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд аймаг орон нутгуудаас дуу хуур, бүжиг наадам, түүх, соёлын биет ба биет бус өв болох нийт 40 гаруй нэвтрүүлэг бэлтгэн алтан сан хөмрөгтөө авлаа. Үе үеийн зохиолч, яруу найрагчдын олны хүртээл болон чихэнд хоногшин сэтгэлд үлдэн “хит” болсон дуугаар нэгдсэн тоглолт хийлээ.

80 жилийн түүхт “Монголын Радиогийн түүхэн товчоо” ном гаргах ажлын хэсэг байгуулагдаж радиогийн даргаар ажиллаж байсан МУСГЗ Шийрэв, Радиогийн ахмад ажилтан Мөнхөө, Хасбазар гуай, МУСГЗ сэтгүүлч Гүнсэн гээд олон хүний дэмжлэгээр “Хөх тэнгэрийн радио” нэртэй ном бүтээлээ. Удахгүй уншигчдынхаа гарт хүргэнэ.
Мөн манай хүүхдийн редакцид ажиллаж байсан хамт олныхоо дунд “Хар нүдэн” гэж нэрлэгдсэн Туяа Монголын Радиогийн хамт олонд зориулсан 108 сэтгүүлч сурвалжлагч бүсгүйчүүдийн бичсэн тэмдэглэл, дурсамжаар ном гарган 80 жилийн ойн баяртаа бэлэг барьж байна.

- Монголын радиогийн тухай түүхэн баримтат кино бүтээж байна.
- Монголын радио нь дэлхийн 4 оронд радио нэвтрүүлгээ хүргэдэг. Тэгвэл энэ харьцааны хүрээнд энэ 10 сард Японы Осако, Токио хотуудад Монголын радио сонсогчдын уулзалтыг зохион явуулахаар болж байна.

-Сэтгэл зовдог зүйл чинь юу вэ?
-Хамт олон маань чихэнд сонсогдохоор сайхан уран бүтээл хийгээд л байдаг харин сонсогдолт муу байна гэвэл яах болж байна. Бидний зүгээс шалтгаалах зүйл биш боловч манай радиогийн хувь заяатай шууд холбоотой асуулт юм. РТС улсын үйлдвэрийн газар МҮОНР хоёр бол салшгүй нэг баг болж ажиллах үүрэг хүлээсэн хамт олон мөн. Хамтын гэрээ байгууллаа. Цаашдаа ч хамтран ажиллах болно.

- Радио өргөн нэвтрүүлэг үнэ төлбөргүй явагдсаар байна. Ямар учир шалтгаантай юм бол?
- Маркетингийн хувьд DDSH –ийн долоо дугаар сувгаар МҮОНР гэсэн баннер байрлуулж байгаа. Зар сурталчилгаа рекламыг дүрстэй явуулна гэсэн бодолтой байна. Мөн тун удахгүй МРадио хураамжтай болно. Өнөөдрийг хүртэл ямар ч үнэ төлбөргүйгээр нэвтрүүлгээ явуулсаар байлаа. Тодорхой хэмжээний санхүүжилтийг сонсогчдоосоо авахгүйгээр бид цаашдаа оршин байхад хэцүү. Ер нь үнэгүй зүйл зах зээлийн өрсөлдөөнд оршин тогтнохгүй. Энэ утгаараа радиод маркетингийн үйл ажиллагаа нэвтрүүлэхийг цаг хугацаа шаардаж байгаа.

- Маргаашаа хэр зэрэг харж байна.
- Мэдээ мэдээллийн зах зээлийн өрсөлдөөн ямар хүчтэй байгааг та мэдэрч байгаа байх. Радио телевиз хэдэн зуугаараа ажиллаж байна. Үүнээс аль радио сонсох, ямар телевизийг үзэх нь хувь хүний сонголт, хэрэглэгчдийн эрх. Харин бид бодитой, үнэн, тэнцвэртэй, сонгодог гэдгээрээ ялгагдаж, өөрөөр хэлбэл мэдээ мэдээллийн хурд сайтай, уран бүтээлчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, 80 жил монгол түмнээ соён гэгээрүүлж ирсэн алтан сан хөмрөг манайд байна. Тиймээс ч бусдаас илүү гэдгээ үргэлж хадгалж явах ёстой. Үүний төлөө бид дараа дараачийн түүхийг бүтээлцэх болно.
Баярлалаа. Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан Н.Мөнхцэцэг

Хуваалцах