МҮОНРТ дэлхийн "Робокон"-ыг Монголд буухиална
Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "ABU ROBOKON -2018" Олон улсын аварга шалгаруулах роботын тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд
Мэдээллийн алба

Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "ABU ROBOKON -2018" Олон улсын аварга шалгаруулах роботын тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд Вьетнам Улсын Ниньбинь хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай баг тамирчдыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр, тус олон улсын тэмцээнийг Монгол Улс буухиалан авч, Вьетнам Улсад болох энэ удаагийн тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангах, МҮОНРТ тус тэмцээний үйл ажиллагааг хэрхэн олон нийтэд хүргэх болон ирэх 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар ярилцлаа.
Сонирхуулахад, 1991 онд анх "NHK ROBOKON" нэртэйгээр зөвхөн Японы багууд өрсөлддөг байсан тус тэмцээн нь 2002 оноос Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ивээл дор зохион байгуулагддаг олон улсын тэмцээн болон өргөжсөн түүхтэй.
Монгол Улсын хувьд 2002 оноос тус олон улсын тэмцээнд оролцох болж, улмаар МҮОНРТ Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран “ABU РОБОКОН-2018” үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн хувьд өнгөрсөн 4 дүгээр сард 17 дахь жилдээ зохион байгуулагдсан үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Монголын их, дээд сургууль, коллежийн “High-Tech”, “Lion Robo”, МеХТС-ийн “ProMech1”, “ProMech2”, “Эрчим-I”, ҮТС-ийн “Спарклин”, “Коосэн-1”, “Коосэн-2” зэрэг 16 баг өрсөлдсөнөөс “Эрчим – I” баг үндэсний аваргаар шалгарсан юм.


















