Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын дагуу ерөнхий захирлыг сонгон шалгаруулна. Сонирхсон иргэн доорх журмын дагуу материалуудыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулна
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Нэр: МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах тухай

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын дагуу ерөнхий захирлыг сонгон шалгаруулна. Сонирхсон иргэн доорх журмын дагуу материалуудыг бүрдүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлнэ үү.

Холбогдох мэдээллийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 11-364719 утаснаас лавлана уу.


МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт, Хөдөлмөрийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.

1.3 МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

2.1 МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч, сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

2.1.1 “ОНРТ-ийн тухай” хуулийн Үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,
2.1.2 ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,
2.1.3 ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачилгатай ажиллах чадвартай байх,
2.1.4 Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТ-ийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,
2.1.5 Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,
2.1.6 Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТ-ийг удирдахад харшлахгүй байх,
2.1.7 МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,
2.1.8 Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай байх,
2.1.9 МҮОНРТ-ийн маркетинг, менежмент, техник технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох чадвартай байх,

Гурав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур

3.1 Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
3.2 Ял шийтгэлгүй байх,
3.3 Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
3.4 Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын 5-аас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
3.5 НҮБ-ын албан ёсны 1-ээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
3.6 Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр онолын мэдлэг, дадлага туршлагатай байх,
3.7 ОНРТ-ийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй байх,
3.8 “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтад хамаарах хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,

Дөрөв. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

4.1 МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
4.2 Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/
4.3 Иргэний үнэмлэхний хуулбар
4.4 Цээж зураг 2 хувь
4.5 Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.6 ОНРТ-ийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл
4.7 Гурван үеийн намтар
4.8 Цагдаагийн газрын тодорхойлолт
4.9 Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
4.10 Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ
4.11 Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.12 Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл

Тав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, томилох

5.1 МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг сонгон шалгаруулалт явуулахаас ажлын 7 хоногийн өмнө нийтэд нээлттэй ил тод зарлана.

5.2 Ерөнхий захиралд нэр дэвшигчийн материалыг нийтэд зарласан хугацаанд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга битүүмжлэлтэйгээр хүлээн авна.

5.3 Материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш ажлын 7 хоногийн дотор хүлээн авна. Хүлээн авах хугацаа мөн өдрийн ажлын цаг буюу 18:00 цагаар тасалбар болно.

5.4 Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

5.5 Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсодтой Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсгийн гишүүд энэхүү журмын 3 дугаар зүйлд холбогдох чиглэлээр ярилцлага хийнэ.

5.6 Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдоос Ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна.

5.7 “ОНРТ-ийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтын дагуу Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

Хуваалцах