МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнууд Жендэрийн үндэсний хорооны сургалтад хамрагдлаа
“КОЙКА”-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жендэрийн үндэсний хороо “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.8 дахь хэсэгт тусгагдсан “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангах” зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд “КОЙКА”-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жендэрийн үндэсний хороо “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах албан хаагчдын жендэрийн тухай суурь ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй байдлыг өөриймшүүлэн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ур чадварыг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн эрх тэгш байдлын хэрэгцээ, шаардлага, түүний ач холбогдолыг түгээн дэлгэрүүлэн манлайллыг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг МҮОНРТ-ийн удирдах түвшний албан тушаалтнуудад зориулан зохион байгууллаа.
Уг сургалтад МҮОНРТ-ийн удирдах болон дунд түвшний удирдах 55 албан тушаалтан хамрагдлаа. Сургалтыг нээж, МҮОНРТ-ийн ерөнхий захирал, Жендэрийн үндэсний хорооны гишүүн А.Бүрэнбаатар “... Манай уран бүтээлчдийн бэлтгэдэг нийтлэл нэвтрүүлэг жендэрийн мэдрэмж, агуулга, чанарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, улмаар үзэгч, сонсогчдын мэдлэг мэдээлэл тэр хэмжээнд өсөн нэмэгдэнэ хэмээн итгэж байна...” хэмээлээ.
Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаарх хамтын ажиллагааны тус семинарт “Жендэрийн ерөнхий ойлголт ба шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдвээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн, жендэр ба хөгжил судлаач, хуульч Б.Золзаяа, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар сургалт орж, Хэвлэлийн хүрээлэнгийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунцэцэг “Хэвлэл мэдээлэл ба жендэр-практик ажил” сэдвээр оролцогчдыг багт хуваан кейс ажиллуулж, хэвлэл мэдээллийн салбарынхан жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээ, нийтлэл бэлтгэхдээ хувь хүний хэвшмэл хандлагаасаа болж, нийтлэг ямар алдаа дутагдал гаргадаг вэ гэдгийг харуулсан бодит кейс ажиллуулав.



























