МҮОНРТ “MNB World” сувгаа олон улсад танилцууллаа
Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ 54 дүгээр Ерөнхий чуулганы салбар хуралдаанууд энэ өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужид боллоо. Чуулганаар өнөөгийн хэвлэл мэдээллийнхэнд тулгараад буй хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаагаас
Мэдээллийн алба

Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ 54 дүгээр Ерөнхий чуулганы салбар хуралдаанууд энэ өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужид боллоо. Чуулганаар өнөөгийн хэвлэл мэдээллийнхэнд тулгараад буй хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаагаас ”Олон янзын үзэгч сонсогчдод зориулсан контент ба Үндэсний хөгжил”, ”Нийгмийн сүлжээ ба уламжлалт хэвлэл мэдээлэл” гэсэн 2 сэдвийг голлож анхаарч байна.
Эхний өдрүүдэд болсон салбар хуралдаануудаар төлөөлөгчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаашдын чиг хандлага, программ контент солилцоо, оюуны өмч болон хууль эрх зүйн орчин, хараат бус сэтгүүл зүй зэрэг асуудлыг хэлэлцэж санал солилцлоо.
Энэ үеэр МҮОНТ улс орноо дэлхийд сурталчлах “MNB World” төсөл эхлүүлснийг “MNB World” сувгийн захирал О.Тэгшгэрэл танилцуулсан байна. Мөн BBC, CNN, CCTV, DW зэрэг телевизээс гадна Малайз, Кампучи зэрэг улс World төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа арга туршлагаа хуваалцлаа.
Ийнхүү салбар хуралдаанууд өндөрлөж, Ази-Номхон далайн бүсний өргөн нэвтрүүлгийн холбооны 54 дүгээр ерөнхий чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга Б.Энхмандах, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн Б.Батбаяр, Д.Нямсамбуу, Ерөнхий захирал Л.Нинжжамц нар оролцож байна. Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жавад Моттаги чуулганы нээлтийн үеэр үг хэлэхдээ МҮОНТ 50 жилийн ойгоо тэмдэглэсний зэрэгцээ томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаад амжилт хүсч нийт гишүүн орнуудын нэрийн өмнөөс баяр хүргэлээ.
Ерөнхий чуулганд 60 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.


















