МҮОНТ-ИЙН захирал Ч.ДАВААБАЯР: Мэдээллийг хүртэх цаг хугацаа минут секундээр хэмжигдэх болсон
Өнөө цагийг цахим ертөнцгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хэн бүхэн хүссэн мэдээ мэдээллээ алгын чинээ гар утаснаасаа авдаг болсон нь өөрөө техник технологийн дэвшил мөн.
Мэдээллийн алба

Өнөө цагийг цахим ертөнцгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хэн бүхэн хүссэн мэдээ мэдээллээ алгын чинээ гар утаснаасаа авдаг болсон нь өөрөө техник технологийн дэвшил мөн.
Өдөр тутмын мэдээллийг цаг хугацаа, орон зай үл хамааран, технологийн хурдаар авч ажил, амьдралдаа шууд зөв зохистой ашиглана гэдэг бол бидний олон жилийн өмнөөс яриад, бичээд байдаг байсан “мэдээллийн зуун” гэгч нь хэдийнээ ажил, амьдралын маань салшгүй нэг хэсэг болсныг илтгэнэ.
Цаг, секундээр мэдээллийн ач холбогдлыг үнэлэх болсон энэ цаг үед цахим ертөнцөд хэвлэл мэдээллийн ууган байгууллага болох МҮОНРТ өөрсдийн дотоод нөөц боломж, боловсон хүчиндээ тулгуурлан цогц мэдээ мэдээллийн цахим хуудсаа шинэчлэн хүргэж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангах, тэнцвэртэй хүргэх нь өөрөө МҮОНРТ-ийн үүрэг мөн учраас, өөрсдийн хэмжээнд дутагдаад байсан энэхүү онлайн өргөн гарцыг нээж байгаадаа баяртай байна. МҮОНРТ өөрийн нэгэн шинэ түүхийг үүгээрээ бий болгон бүтээж эхэллээ. Энэхүү түүхэн үйл хэргийн нэг хэсэг нь ХҮН та өөрөө юм.
Цахим хуудсын ажлын хүрээнд үндсэн сайт, дэд сайтуудийн шинэчлэл, гар утасны application-ууд зэрэг цогц ажлууд амжилттай хийгдэж дууслаа. Технологийн хувьд дэлхийн улс орнуудын стандартыг баримталсан болно.
Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн энэхүү түүхэн цагалбар дор олон нийтдээ шинэчлэгдсэн цахим сайтаар бэлэг барилаа.
Цаашид шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн улам сайжруулах бодлогыг баримталж ажиллах болно.
Та бүхэн хотлоороо дэнж хотойтол сайхан наадаарай.
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр


















