Музейн сэргээн засварлалтын сургалт болж байна
Сургалтын гол зорилго нь соёлын өвийг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах судлах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын сэргээн засварлагч, судлаач, сан хөмрөг хариуцсан ажилтнуудыг Герман улсын сэргээн засварлалтын туршлагаас суралцуулах, чадавхжуулахад чиглэсэн юм.
Мэдээллийн алба

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” төслийн урилгаар Германы Бонн хотын Ландес музейн сэргээн засварлагч Хольгер Беккер, Юлиана Баузевайн, Штудгарт хотын Линдэн музейн сэргээн засварлагч Андреа Штеффен нарын 3 сургагч багш хүрэлцэн ирж “Герман Улсын сэргээн засварлалтын туршлага-2014” сургалтыг зохион байгуулж байна.
Сэргээн засварлалтын сургалтыг энэ сарын 23-30 –ны өдрүүдэд Хархорум музей дээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд Монгол Улсын Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэн, МУИС–ийн Археологи-Антропологийн тэнхим, Дэлхийн өв-Орхоны хөндийн хамгаалалтын захиргаа зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, улс орон нутгийн музейн нийт 22 сэргээн засварлагч, сан хөмрөгчид хамрагдаад байна.
Сургалтын гол зорилго нь соёлын өвийг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах судлах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын сэргээн засварлагч, судлаач, сан хөмрөг хариуцсан ажилтнуудыг Герман улсын сэргээн засварлалтын туршлагаас суралцуулах, чадавхжуулахад чиглэсэн юм.
Сургалтын хөтөлбөрт төмөр, даавуу, арьс, мод, шавар эдлэлийн технологи, археологийн малтлагын үед анхаарах зүйл, баримтжуулалт, олдворын тээвэрлэлт, сэргээн засварлах төлөвлөгөө гаргах, тодорхой олдворууд дээр дадлага хийх зэрэг нийт 18 цагийн онол, 15 цагийн дадлагын хичээл багтсан байна.
Оролцогчид сургалтаар олж авсан онолын мэдлэгээ баталгаажуулж, Хархорум музейн сэргээн засварлах лабораторийн шинэ техник, хэрэгсэл дээр дадлага ажил хийсэн нь сургалтыг илүү сонирхолтой үр дүнтэй болголоо.
Зочид, төлөөлөгчид Хархорум музей, Эрдэнэ Зуу музей, Хөшөө цайдам музей болон Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици”-ийн малтлагын үйл ажиллагаатай танилцжээ.


















