Н.Энхболд: Өөрсдөө баталсан төсвөө яагаад авлигажсан гэж нэрлэснийг Ерөнхий сайдаас тодруулна
2014 оны төсвийн төсөл, 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад Ардын намын бүлэг байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргаад байгаа билээ.
Мэдээллийн алба

2014 оны төсвийн төсөл, 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад Ардын намын бүлэг байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргаад байгаа билээ. Энэ долоо хоногт УИХ-аар шийдэх гол асуудал бол 2013 оны төсвийн тодотгол бөгөөд төсвийн тодотголоо баталсны дараа 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдын зүгээс хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийснийг мэдээллийн эхэнд онцлов. Тухайлбал, МАН-ын бүлэг оролцолгүй баталсан 2013 оны төсвийг авлигажсан төсөв байсан, тийм учраас үүнийг засч залруулах ёстой гэж Ерөнхий сайд хэлсэн нь ноцтой асуудал хэмээн тодотголоо. Тэрээр "Төсвийн гүйцэтгэлийн байдлаас харахад 80 гаруй хувийн биелэлттэй байгаа ч хийх ёстой ажил нь 30 орчим хувьтай байна.
Оны эцсээр энэ тоо бага зэрэг нэмэгдэж магадгүй ч Засгийн газар боломж байсаар атал хийх ёстой ажлаа хийгээгүй гэж Ардын намын бүлэг үзэж байгаа. 2013 онд ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөгдсөн ажлуудыг огт хийгээгүй мөртлөө 2014 оны төсвийн төсөлд мөнгөн дүнг нэмэгдүүлсэн цоо шинэ зүйл нэмж тусгасан нь анхаарал татаж байна.
Энэ талаар бид Ерөнхий сайд, Засгийн газраас тайлбар авах шаардлагатай гэж үзэж байгаа. Ардын намын бүлгээс мэдэгдэл гаргана" гэлээ. МАН-ын бүлгийн хувьд энэ онд төсөвт тусгагдсан мөртлөө хийгдээгүй чухал ач холбогдолтой ажлуудыг ирэх жил гүйцээж дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Үндэсний аудитын газрын удирдлагуудыг байлцуулж, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2014 оны төсвийн төсөлтэй холбогдуулж мэдээлэл гаргаж өгөх шаардлага тавьсан байна.
Үүний зэрэгцээ Шадар сайд Д.Тэрбишдагва өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө 10 хувийн авлигын талаар ярьсныг тодруулах шаардлагатай гэж үзэж буйгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Ардын намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Энэ шаардлагаа дахин тавих уу?
-Дахин тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Төсвийн гүйцэтгэл 80 хувийн биелэлттэй байхад төлөвлөсөн ажлууд яагаад хийгдэхгүй байгаа, өөрсдийнхөө баталсан төсвийг ямар учраас авлигажсан төсөв гэж нэрлэж байгаа, энэ талаар шүүмжилсэн Ардын намын бүлгийн гишүүдийг нэг нэгээр нь онилж, эргээд тэр хүмүүсийг асуудалтай юм шиг харагдуулах сурталчилгаа нэвтрүүлгийг ямар зорилгоор цацаад эхлэв гэдэгт хариулт авах шаардлага бий болоод байна. УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд манай намын бүлэг мэдэгдэл хийж, Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагыг эрх баригчдад тавьсан ч хариу ирээгүй. Үүний дараа дахин бичгээр шаардлага тавьсан ч одоо болтол хариу ирээгүй байна. Гэтэл төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед дээр дурдсан ноцтой зүйлүүд яригдаж байгаа учраас Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.


















