Н.Цэрэнбат: Ус бохирдуулсныхаа хэрээр төлбөр төлдөг байх зарчмыг нэвтрүүлнэ
Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож усны салбарынхан өнөөдөр баярын хурлаа хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хурлыг нээж үг хэллээ.
Мэдээллийн алба


Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож усны салбарынхан өнөөдөр баярын хурлаа хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хурлыг нээж үг хэллээ. Тэрбээр усны салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд агентлаг байгуулах зайлшгүй шаардлага байгаа гээд ус ашиглагч аж ахуйн нэгжүүдийг саарал ус хэрэглэхийг шаардаж, ус бохирдуулсныхаа хэрээр төлбөр төлдөг байх зарчмыг нэвтрүүлнэ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа талаарх мэдээллийг хуран цугласан усны салбарын ахмад, дунд, залуу үеийнхэнд өгсөн юм.Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уригдан ирж, мэндчилгээ дэвшүүлэхдээ “АНУ-ын Мянганы сорилтын корпорациас хөнгөлөлттэй зээлж буй 350 сая ам.доллар саарал усыг ашиглахад дэм болж, Монгол Улс усны салбарыг цаашид тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх болно” хэмээсэн юм.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын мэндчилгээг зөвлөхүүд болон ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн мэндчилгээг дэд сайд Ж.Сауьле уламжиллаа.Түүнчлэн 80 жилийн ойн баярын хурлын үеэр усны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан, үе үеийн албан хаагчдад төр засгийн шагнал гардууллаа.Ойн хүрээнд БОАЖЯ болон холбогдох байгууллагууд олон ажил зохион байгуулсан бөгөөд “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хөгжлийн түлхүүр -Ус”, “Урсан өнгөрөх он жилүүд номын нээлт энэ өдөр боллоо. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Усжуулагчдын төгөл байгуулах шавийг өчигдөр/2018.10.25/ тавьсан юм.Ийнхүү 1938 оноос хойш 80 жилийн турш хийж бүтээсэн ажлаа дүгнэж, салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээллэж, ажилтан албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг тодруулан алдаршуулах Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хуралд тус салбарт ажиллаж байсан үе үеийн 800 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо.


















