Найруулагч А.Баттүшигийн ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүрэн хэмжээний кино нээлтээ хийнэ
Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн “Бэхэн зүрх” киноны зураг авалт дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийх юм байна.
Мэдээллийн алба

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлч хамтран ажиллажээ.
Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж байгаа бөгөөд энэ кино түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино юм байна. “Бэхэн зүрх” киноны гол дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчдээс гадна О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ.
Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн “Бэхэн зүрх” киноны зураг авалт дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийх юм байна.




















