Налайх дүүрэгт зохион байгуулсан “Хүүхэд хөгжил-2016” судалгааны үр дүнг танилцуулж байна
Налайх дүүрэгт 2016 оны 11-12 дугаар сард зохион байгуулсан “Хүүхэд хөгжил-2016” судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулж байна.
Мэдээллийн алба

Налайх дүүрэгт 2016 оны 11-12 дугаар сард зохион байгуулсан “Хүүхэд хөгжил-2016” судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “2017 онд улс даяар Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааг зохион байгуулна. Энэхүү судалгаа маань 5 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд туршилт судалгааг Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт 2012 болоод 2016 онуудад явуулсан. Дүүргийн хэмжээнд дээрх судалгааг явуулж турших нь олон талын ашигтай. Тухайлбал, судалгааны үр дүнгээс цаашдаа улсын хэмжээнд судалгаа зохион байгуулахдаа юунд анхаарах, юуг сайжруулах зэрэг олон асуудлыг харах боломжтой. Судалгааг олон улсын аргачлалын дагуу зохион явуулдаг тул Налайх дүүргийн хувьд дэлхийн бусад улс орнуудтай өөрийгөө харьцуулж үзэх боломж бүрдэж байгаа юм.
Судалгааны үр дүнгээс эерэг, сөрөг үр дүнгийн онцлох үзүүлэлтүүдийг дурдвал айл өрхүүдийн иод агуулсан давсны хэрэглээ өссөн, тураалтай, хоолны дутагдалд орсон хүүхдийн тоо буурсан, цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо өсөж, гэртээ харгалзах хүнгүй үлдэх хүүхдийн тоо буурсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх хандлага буурсан нь сайшаалтай байна.
Харин сүүлийн 4 жилийн хугацаанд Налайх дүүргийн хувьд эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт, дархлаажуулалтын хамрагдалтын хувь буурсан байна. Иргэдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, мэдээлэл буурсан нь урьдчилан сэргийлэх боломжийг бууруулж, өвчилсөн иргэдэд сөрөг хандах хандлагыг мөн өсгөж байна.
Энэ мэтчилэн олон үзүүлэлтээр гарсан энэхүү судалгааны үр дүнг цаашид бодлого боловсруулахдаа хэрхэн ашиглах нь чухал явдал.
Тус судалгаанд оролцсон Налайх дүүргийн 995 өрхийн 3300 орчим хүн ам болон зөвлөгөө өгч ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Налайх дүүргийн Тамгын газар, хорооны Засаг дарга, судлаачид, хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст баярлалаа” гэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “ "Хүүхэд хөгжил-2016” судалгаа Налайх дүүргийн хүн амын талаарх нарийн үзүүлэлттэй мэдлэг, мэдээлэл ихтэй сайн судалгаа болсон. Судалгааг хэрэгжүүлэхэд олон хүний оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ийм төрлийн судалгаа маш их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг. Олон үзүүлэлттэй судалгааны мэдээлэл цуглуулдаг судлаачид олон талын мэдлэг, боловсролтой байх шаардлага тулгардаг тул судлаачдадаа талархал илэрхийлье. “Хүүхэд хөгжил-2016” судалгааны үр дүнг өргөн цар хүрээтэй оновчтой ашиглаж, бусад дүүргүүдэд үлгэр дуурайл болох байх гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Судалгааны үр дүнгээр хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, хөгжил, хамгаалал, ундны ус ариун цэврийн байгууламжийн хангамж, нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлт зэрэг олон талын мэдээллийг танилцуулах юм.
Эх сурвалж : Үндэсний статистикийн хороо


















