Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарын ахалсан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан өнөөдөр /2026.11.12/ боллоо.
Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт есөн зорилт, 78 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тайлант хугацаанд хэрэгжилт 62.5 хувьтай байна. Эрт илрүүлэгт 911,892 иргэн хамрагдаж, эрүүл мэндийн боловсролын сургалтад 163,318 сурагч оролцон, 2,500 үе тэнгийн зөвлөгч бэлтгэжээ. Мөн 2026 оны эхний есөн сарын байдлаар халдварт өвчний тохиолдол өмнөх оны мөн үеэс 9,411-ээр буурсан байна.
Харин эрт илрүүлгийн хамрагдалт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ХПВ-ийн эсрэг вакцины хамрагдалт, нярайн скрининг болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатайг танилцууллаа. Түүнчлэн дүүрэг бүрд нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах ажилд бүтэц, зохион байгуулалт болон санхүүжилт хэрэгтэйг дурдав.

Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг онцолж, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна гэв. Тэрбээр нийтийн эзэмшлийн спорт, чөлөөт талбайг барилгажуулахгүйгээр иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд ашиглах, томуу, томуу төст өвчний дэгдэлт болон агаарын бохирдолтой холбоотой урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх нь зүйтэйг дурдав.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нийгмийн эрүүл мэндийн асуудлыг өвчилсний дараа эмчлэхээс илүүтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг онцоллоо.
Ажлын хэсгийн гишүүд эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд өрхийн эрүүл мэндийн төв, хороодтой хамтран эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд хамруулах, ХПВ-ийн вакцины талаарх эцэг эхчүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, нярайн скрининг, хүүхдийн гэрийн эргэлтийг сайжруулах асуудалд анхаарах шаардлагатай талаар санал солилцов.
Ажлын хэсэг хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах юм.


















