Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.
Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Тус зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа.
2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд бүхий л байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга тодотгосон. Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг тэрбээр онцлон санууллаа.
Орлого төвлөрүүлэлтэд Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх хойрго хандаж буй ажээ. Чингэлтэй дүүрэг санаачилгатай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 94.5 хувьтай төвлөрүүлсэн бол Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд 75 хувийн биелэлттэй байна.
Харьяа газруудаас Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд орлого бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг санууллаа.


















