Нийт иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээнд ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гадаад улсын иргэдийн эрх чөлөөнд халдах, элдэв хууль бус арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх үйлдэл
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээнд ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гадаад улсын иргэдийн эрх чөлөөнд халдах, элдэв хууль бус арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх үйлдэл 2015 он гарсаар нэлээд гарсан. Үүнтэй холбогдуулж нийт иргэдэд дараах Зөвлөмжийг хүргүүлж байна.
Монгол Улсад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль /1999/, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /2004/, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай /2001/ хуулиуд болон Монгол улсын засгийн газар, түүний эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудаар зохицуулж байна. Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын/ОУХБ/ 15 конвенцийг соёрхон баталсан. Монгол Улс олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсоноор гэрээгээр зохицуулсан хэм хэмжээний дагуу үүрэг хүлээдэг юм.
Монгол улсын нутаг дэвсгэрийн хүрээнд гадаадын иргэд Монгол улсад үйлчилж байгаа хууль, түүнд холбогдон гарсан актыг мөрдөж, ажиллаж хөдөлмөрлөдөг бөгөөд зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Харин аливаа иргэн, бүлэглэл, сайн дураар гадаад иргэдийг хашраах, шийтгэх гэх юм уу хууль бус арга хэрэгслээр бусармаг үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Энэ нь өөрөө хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болдог.
Хэрэв гадаад улсын иргэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлвэл, мэдэж байвал хууль хяналтын байгууллага, албан тушаалтанд яаралтай мэдэгдэх ёстой юм. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад байгаа Вьетнам Улсын иргэдтэй холбоотой үйлдэл, холбогдлын талаар бодит байдлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, холбогдол илэрвэл хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Гадаадын иргэний Эрх Зүйн Байдлын Тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх”, 8.1.4 дэх хэсэгт “тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх” гэж заасны дагуу гадаадын иргэнд дээр заасан үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Монгол Улс эрх зүйт төртэй, дэлхий нийтийн өмнө хариуцлага хүлээсэн, хуулиар бүхий л харилцаагаа зохицуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн НҮБ-ын гишүүн орон юм.
Иймд Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн аливаа хууль бус үйлдэл, холбогдлын эсрэг хувь иргэн, бүлэглэл дур зоргоор хувиараа хуулийн гадуур арга хэмжээ авахаас зайлсхийж, хууль хяналтын байгууллагад хандаж байхыг зөвлөж байна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын
Урьдчилан сэргийлэх хэлтэс
2015.02.02


















