Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна. Зураг: МҮОНРТ

Хээрийн цасны хэмжилтийн 10 дугаар сарын 31-ний мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21 см-ээс их, Увсын Малчин, Завханы Тэсд 11 см, Дархан-Уулын ихэнх, Завханы зарим, Баян-Өлгий, Увс, Архангай, Хөвсгөлийн цөөн сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см цастай байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог: Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс 1.1 хэмаар дулаан, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэрийн нийт, Ховд, Завхан, Баянхонгорын ихэнх, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Хэнтийн зарим, Увс, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар 4.4-1.1 хэмаар хүйтэн байлаа.

Харин хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим болон түүнээс бага, Завханы ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дундговь, Дорнодын ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байв.

Энэ арав хоногт цасны нягт Баян-Өлгийн Сагсай, Увсын Өндөрхангай, Цагаанхайрханд 0.20–0.29 г/см3 буюу хамгийн их нягттай байв.

Салхины хурд тал хээр говийн ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянцагаан, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Аргалант, Дундговийн Мандалговь, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өлзийт, Луус, Дорноговийн Дэлгэрэх, Өмнөговийн Цогт-Овоод 28-32 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

МАА–н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Хуваалцах