Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Ниссан" компани “IMX” цахилгаан хөдөлгүүртэй автомашины концепцоо танилцууллаа

Японы нийслэл Токио хотод “Токио мотор шоу-2017” нэртэй автомашины олон улсын үзэсгэлэнгийн өдрүүд боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ниссан" компани “IMX” цахилгаан хөдөлгүүртэй автомашины концепцоо танилцууллаа
"Ниссан" компани “IMX” цахилгаан хөдөлгүүртэй автомашины концепцоо танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотод “Токио мотор шоу-2017” нэртэй автомашины олон улсын үзэсгэлэнгийн өдрүүд боллоо. Энэ үеэр "Ниссан" компанийнхан цоо шинэ загварын цахилгаан хөдөлгүүртэй “IMX” нэртэй автомашины концепц загварыг танилцуулсан байна.

Компанийн зүгээс энэ автомашинаа хиймэл оюун ухаант технологиор хангагдсан тул зорчигч болон жолоочтой замын хөдөлгөөнд оролцож байх үедээ харилцан яриа, ухаалаг үйлдлүүдийг хийх бүрэн чадвартай хэмээн онцлон танилцуулжээ.

Олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан концепц загварыг ойрын 2-3 жилийн дотор үйлдвэрлэлтээс гаргаж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Гаднах загвар, дотор салоны шийдэл зэрэг нь ирээдүйн тээврийн хэрэгслийн өнгө төрхийг харуулж чадаж байгааг үзэсгэлэнд оролцож сонирхсон олон хэлжээ.

Мэдээж бүрэн хэмжээний автомат жолоодлогын “Про Пилот” системээр хангаж өгсөн. Жолооч автомат жолоодлогын системийг ажиллуулснаар жолооны хүрд автоматаар эвхэгдэн цааш орж, харин хөл доорх тормос болох хааз өгөх гишгүүр доошоо шигдэн орж, жолоочид тав тухтай байдлыг бий болгож өгдөг байна.

Үүний дараагаар та яг л гэрийнхээ зочны өрөөнд зурагт үзэж буй мэдрэмжийг авна гэж онцолжээ. Учир нь дотор салонд утасгүй интернэтэд холбогдсон ухаалаг дэлгэцийг суулгаж өгсөн юм. Автомат жолоодлогын горимд замын хөдөлгөөнд оролцож байх хугацаанд автомашинд суурилуулагдсан видео камерууд болон микрофонууд нь жолооч болон зорчигчдын үйл хөдлөл, хэлэх үг яриа бүрийг анхааралтай ажиглаж байдаг байна. Хэрэглэгчдийн болон захиалагчдын гарт ямар үнээр очих талаарх мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм.

Хуваалцах