НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдав
Хурлын эхэнд барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав.
Мэдээллийн алба

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав.
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Дэшиг дун, 6 дугаар хорооны Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төвүүд хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулахаа больсон тул балансдаа бүртгэлтэй барилга байгууламжаа шилжүүлэн өгөх хүсэлтээ Нийслэлийн өмчийн газарт хүргэсэн байна. Тус барилга нь 10 дугаар хорооллын 12-ын а,б байрны ард байрладаг хоёр давхар барилга бөгөөд дээрх хоёр өрхийн эмнэлэг давхар тус бүрээр нь эзэмшин үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2013 онд тус хороодод шинээр “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвүүд нүүн орж өмнөх байр нь суларчээ. Энэхүү барилгын бүртгэлийн үнэ нь 168 648 032 төгрөг юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барьж нийслэлийн Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нь актлах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан хуучин барилгатай залгаа 2015 онд баригдсан, шилжүүлэн барих боломжтой 50 хүүхдийн нэмэлт бүлгийн барилгыг 174 дүгээр цэцэрлэг рүү нүүлгнэ шилжүүлэх хүсэлтийг 43 дугаар цэцэрлэг Нийслэлийн өмчийн газарт гаргажээ. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах энэхүү цэцэрлэгийн үнэ нь 124 000 000 төгрөг юм.
Мөн Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас үйл ажиллагаандаа ашиглаж байгаа барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэн авах хүсэлтийг Нийслэлийн өмчийн газарт хүргэжээ. Илч-Орд ОНӨААТҮГ-аас нийт 17 986 400 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухай албан хүсэлтийг ирүүлсэн байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр гурван барилгыг балансаас балансад шилжүүлэх саналыг дэмжиж тогтоолын төсөл баталлаа.


















