Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ногоон сум” аян Дархан хотод үргэлжилж байна

МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг, Улаанбаатар хотод 10 мянга гаруй хүнд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэсэн бөгөөд тус аян өнөөдөр Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Харин маргааш “Ногоон сум” аяны баг хамт олон Орхон аймагт ажиллана.

"Ногоон сум" аян

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Ногоон сум” аян Дархан хотод үргэлжилж байна
“Ногоон сум” аян Дархан хотод үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц ойлголт өгөх зорилгоор "Ногоон сум" аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. Монголын хувьцаат компаниудын хувьцаа анхны нэрлэсэн үнээс 2-3 дахин өссөн. Энэ өсөлтөөс зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л ашиг хүртжээ. Тэгвэл МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны гол зорилго нь хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх бөгөөд тус аянд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк, Хаан банк зэрэг Монгол Улсын топ брокер дилерийн төв, банк оролцож байгаа билээ.

Эх орны өнцөг булан бүрт суугаа малчид, орон нутгийн иргэд, гэрийн эзэгтэй, тэтгэврийн ахмад хэн бүхний өмнө нээлттэй зах зээлээс ашиг хүртэх боломжийг энэхүү аянаар нээнэ. 1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 объектыг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбар болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэн хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл “Ногоон сум” арга хэмжээнд оролцсоноор иргэд өөрийнхөө болон аав, ээжийнхээ цэнхэр, ягаан тасалбарыг аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, банкyуудын хувьцааг худалдан авах боломжтой. Түүнчлэн хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, санхүүгийн арвин мэдлэгтэй хүн оролцох бус цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашиг хүртэх юм.

Ташрамд дуулгахад, МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг, Улаанбаатар хотод 10 мянга гаруй хүнд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэсэн бөгөөд тус аян өнөөдөр Дархан-Уул аймагт үргэлжилж байна.

Харин маргааш “Ногоон сум” аяны баг хамт олон Орхон аймагт ажиллана.

Хуваалцах