Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөн эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим шилжилт", "Цахим үндэстэн" хөтөлбөр, Соёлын яамнаас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан” сэдвийн дор Номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөнийг зохион
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим шилжилт", "Цахим үндэстэн" хөтөлбөр, Соёлын яамнаас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан” сэдвийн дор Номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд төрийн захиргааны байгууллага, номын сан, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөл, 200 гаруй хот, орон нутгийн нийтийн номын сангаас оролцогчид цахимаар оролцож байна.

Соёлын салбарын мэдээллийн технологиийн тогтолцоог бүрдүүлэхээр Соёлын яамнаас “Цахим соёл” цогц арга хэмжээний баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд яамны харьяа 24 байгууллага болон аймаг, нийслэлийн 22 соёл, урлагийн газруудын веб сайтын хөгжүүлэлтийг яамны сайттай ижил түвшинд хүргэх ажил хийгдэж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан “Номын сангийн үйлчилгээг цахимд шилжүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийтийн номын сангууд эхний 9 сард 3907 номыг цахимд хөрвүүлж, номын фонд 13759 ширхгээр өссөн буюу сард дунджаар орон нутагт 348, нийслэлд 434 ном цахимд хөрвүүлэн, 1528 ширхэг цахим ном нэмэгдэж, 13,759 шинэ номоор сан хөмрөгөө баяжуулсан байна.

Номын сангийн үйлчилгээний 1,2 хувийг цахим үйлчилгээ эзэлж байгаа бөгөөд, нийт үйлчлүүлэгчийн 42,7 хувийг цахим уншигч эзэлж, үйлчилгээний тоо 24 хувиар, үйлчлүүлэгчийн тоо 33,4 хувиар өссөн байна. Дижитал эрин үеийн Олон улсын үндэсний ном зүйн туршлага, удирдамж гарын авлагад тулгуурлан номын сангийн мэдээллийн нэгдсэн систем, төлөвлөлт, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр номын санч, мэдээллийн ажилтнууд чуулж байна.

Зөвлөгөөнд Олон IFLA байгууллагын Ном зүйн хэлтсийн дарга Матилда Коскас мэндчилгээ ирүүлснийг Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд уламжиллаа.
Эх сурвалж: Соёлын яам


















