Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноосны урамшууллыг бүх малчдад олгохоор боллоо

Өнгөрөгч 2011 онд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар анх удаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ноосны урамшууллыг бүх малчдад олгохоор боллоо
Ноосны урамшууллыг бүх малчдад олгохоор боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2011 онд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар анх удаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, ноосонд урамшуулал олгож эхэлснээр хонины ноосыг төвлөрүүлэн үйлдвэрт нийлүүлэх механизм гольдролдоо орж, үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос гарч, нэмүү өртөг шингэсэн, экспортын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн гэдгийг судлаачид хэлдэг.

Энэ хүрээнд буюу 2011-2015 онд ноос угаах, самнах, нарийн ноосон ээрмэл утасны, барилгын ноосон дулаалгын материалын, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсон юм.

Гэвч дээрх тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд, цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байна гэдэг саналыг малчдын зүгээс их гаргадаг байсан. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч ноосны ченжүүд орон нутагт зохион байгуулалттай хоршоодыг олноор байгуулж малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, ноосны урамшууллын мөнгөнөөс суутгах зэргээр хууль зөрчих болсон юм. Ийм байдлаас болж хоршоонд нэгдэх сонирхол буурсантай холбоотойгоор 2014 онд үйлдвэрт 2.6 мянган тонн ноос тушаасан 18.1 мянган малчин өрх 2.8 тэрбум төгрөгийн, 2015 онд үндэсний үйлдвэрт 1.1 мянган тонн ноос бэлтгэн нийлүүлсэн 7481 малчин өрх 1.1 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулалыг авч чадахгүйд хүрсэн байна.

Нийгэмд үүсч буй дээрх нөхцөл байдлыг харгалзан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах зорилгоор ХХААЯ-наас тогтоолын үзэл баримтлалыг боловсруулж, Сангийн сайд, Хууль зүйн сайдтай хамтран шинэчлэн баталсан. Батлагдсан үзэл баримтлалын дагуу тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч тусган, өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр зөвхөн хоршооны гишүүн биш бүх малчид ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны төсвийн багцад ноосны урамшууллын олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэгдсэн. Тиймээс ноосны урамшууллыг бүх малчдад олгох тогтоол батлагдснаар 2016 оны төсөвт ямар нэгэн ачаалал үүсэхгүй гэдгийг ХХААЯ-аас мэдээллээ.


Эх сурвалж: ХХААЯ

Хуваалцах