Ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 9 дүгээр сарын 27-нд 12:11 цагт "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаа, байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 9 дүгээр сарын 27-нд 12:11 цагт "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаа, байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд, хохирогч гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ.
Хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулж сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр тогтоосон байна.
НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид хүн амины онц ноцтой уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, Баянзүрх дүүрэгт оршин суудаг 22 настай эрэгтэй Ч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


















