Нүүрсний тээврийн жолооч нарт зориулсан “Авто зогсоолын цогцолбор” байгуулна
Өнөөдөр хуралдсан Монгол Уосын Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал,
Мэдээллийн алба

Өнөөдөр хуралдсан Монгол Уосын Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан.
Ээнэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр,“Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар Монгол Улсаас экспортолж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар ярилцсан. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийж буй жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулж, тэдний амрах бололцоог хангах чиглэлээр Авто зогсоолын цогцолборыг бий болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах томоохон ажлын эхлэл тавигдаж байна. Нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд болон нүүрс худалдан авч байгаа аж, ахуй нэгжүүд хоорондоо ярилцаж, тохироод ложистикийн асуудлаа шийдэх ёстой гэсэн зарчим, шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа. Энэ бол тээвэрлэлтийн үндсэн зарчим. Нөгөөтэйгүүр тээврийн байгууллагууд өөрсдийн мэдлийн зогсоол талбайтай, жолооч нарынхаа цалинг нь тогтмол өгдөг байх ёстой. Жолооч нарын амралтын цогцолборыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих тооцоолол байна. Гэхдээ энэ тооцооллыг илүү нягталж, шалгана. Уртын болон богины тээвэрлэлт болон тээврийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж байршлыг тогтооно” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Засгийн газарт ойрын хугацаанд Таван Толгойн ашиглалтыг сайжруулах талаарх цогц асуудлыг тээвэрлэлтийн хамт оруулж ирж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын 320 дугаар тогтоолыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам


















