Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсранд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Мэдээллийн алба

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Ойн салбарыг хөгжүүлэх үйлсэд эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр зүтгэлээ 50 шахам жил зориулахдаа Дархан цаазат Богд хан уулын хөвч ойн хамгаалалт, арчилгааг гардан зохион байгуулж, түймэрт өртсөн Тужийн нарсан ойд 20 сая гаруй мод тарьж ургуулан улсын ойн санд хүлээлгэн өгч, ойн нөөцийг нэмэгдүүлсэн нөр их хөдөлмөр, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орныг хамгаалах бүтээлч санал, санаачилга, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулж, чадавхжуулсан хичээл зүтгэл, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Улсын мод үржүүлгийн газрын дарга асан “Ой, ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсранд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.


















