ОХУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд хүний эрхийн гомдлоо аль ч муж улсад гаргах эрхтэй боллоо
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж энэ сарын 7-11-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо "Евро-Ази дахь хүний эрхийн хамгаалал: Омбудсманы сайн туршлагыг хуваалцах нь” олон улсын хоёрдугаар бага хуралд оролцож "Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж энэ сарын 7-11-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо "Евро-Ази дахь хүний эрхийн хамгаалал: Омбудсманы сайн туршлагыг хуваалцах нь” олон улсын хоёрдугаар бага хуралд оролцож "Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн тус хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Оросын Холбооны Улсын Хүний эрхийн дээд комиссартай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын иргэдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг тухайн улсуудын Хүний эрхийн үндэсний байгууллагууд шийдвэрлэх, иргэдээс гомдол хүлээн авах, олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх боломж бүрдлээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй байдаг бол ОХУ-ын хувьд зөвхөн тухайн орны иргэд гомдол гаргах, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин үйлчилдэг. Тэгвэл тухайн санамж бичгийг байгуулснаар тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн ОХУ-ын 88 муж дахь Хүний эрхийн омбудсмен төлөөлөгчид шууд гомдол гарган эрхээ хамгаалуулах боломж бүрдэж байна. Мөн талууд орон нутгийн, бүсийн болон үндэсний хэмжээнд хүний эрхийн үйл ажиллагааны механизмыг сайжруулах зорилгоор тус зөвшилцлийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа хийх, онол болон практикийн бага хурал, семинар, сургалт зохион байгуулахаар болсон байна.
Ийнхүү хоёр улсын хүний эрхийн байгууллагууд хамтран ажиллах нь ОХУ, Монгол Улсын иргэдийн эрхийг баталгаажуулахад хувь нэмэр оруулна гэж итгэж байгаагаа хоёр тал илэрхийллээ. Түүнчлэн Монгол, Орос, Узбек, Иран, Армян зэрэг таван улсын хүний эрхийн байгууллагууд хамтран Евро Азийн хүний эрхийн байгууллагуудын Альянс сүлжээг байгуулан хамтран ажиллахаар болсон байна.


















