ОХУ-ын хилийг нэвтэрч буцаж гараагүй 1066 тээврийн хэрэгслийн жагсаалтыг ирүүлжээ
Оросын Холбооны Улсын гаалийн байгууллагаас тус улсын хилээр орж, буцаж гараагүй Монгол Улсын 1066 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт өгчээ.
Мэдээллийн алба

Оросын Холбооны Улсын гаалийн байгууллагаас тус улсын хилээр орж, буцаж гараагүй Монгол Улсын 1066 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт өгчээ.
Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналт-шалгалт хариуцсан ахлах байцаагч М.Биржаны тайлбарласнаар, хоёр улсын гаалийн байгууллагууд энэ сарын нэгний өдөр уулзалт зохион байгуулсан байна. Энэ үеэр Оросын талд хүсэлт тавьсны үндсэнд дээрх мэдээллийг авчээ.
Тэрбээр: «Олон улсын конвенцийн дагуу тухайн улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нэг жил хүртэлх хугацаагаар гадаад улсад байх боломжтой. Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгслийг Оросын Холбооны Улс болон Казахстан Улсын нутаг дэвсгэрт аваачиж хаяад, буцаж орж ирээгүй гэсэн үндэслэлээр «тээврийн хэрэгсэл нь хаагдаагүй» гэсэн жагсаалтыг шинэчилж авсан. Тус жагсаалтад 2003-2017 оны хоорондох мэдээлэл багтсан байгаа» хэмээлээ.
Иймд иргэд Гаалийн байгууллагад хандан тухайн жагсаалтыг шүүлгэж, өөрсдийн нэр байгаа эсэхийг тодруулах, аль болох үлдээсэн тээврийн хэрэгслээ буцаах арга хэмжээ авах шаардлагатай гэнэ. Эс бөгөөс хил нэвтрэхдээ торгуулах, бичиг баримтандаа хар тамга даруулах, паспортаа шүүлгэх явцад хамт яваа бусад зорчигчдод чирэгдэл учруулах зэрэг хүндрэлүүд гарах аж.
Дээрх иргэдийн хувьд Монгол Улсын гаалийн байгууллагаас холбогдох байгууллагуудаас гаргасан тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, хасалт хийж өгч байгаа ч энэ нь Оросын Холбооны Улсын талаас хүлээлгэх хариуцлагад хамаардаггүй байна.
Сэтгүүлч: Ө.Нурболат


















