Олон нийтэд тустай үйл ажиллагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэдэд "Урам өглөө"
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг монгол түмнийг нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөхөд уриалах, нийгэмд сайн сайхан үйлсийг түгээх зорилгоор "Үндэсний өгөх өдөр" болгон тэмдэглэсээр 12 дахь жилдээ угтаж байна.
Мэдээллийн алба

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг монгол түмнийг нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөхөд уриалах, нийгэмд сайн сайхан үйлсийг түгээх зорилгоор "Үндэсний өгөх өдөр" болгон тэмдэглэсээр 12 дахь жилдээ угтаж байна.
Тэгвэл ,“Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-аас санаачлан уг өдрийг энэ жил “Урам өгье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг өдрийг анх 2010 онд хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том болоорой, Удвал” нэртэй төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлснээр эхлүүлсэн бөгөөд Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Э.Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж, БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлж охин бүрэн эдгэрсэн билээ.
Эл өдрөөс эхлэн тусламж хэрэгтэй нэгэнд туслахаас гадна нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулахад чиглэсэн аян, арга хэмжээнүүдийг зохиож иржээ. Энэ жил 12 дахь удаагийн “Өгөх өдөр”-өөр төдийлөн ил гараад байдаггүй ч нийгэм, олон нийтэд тустай үйл хэрэг бүтээж байгаа төрийн бус байгууллага, иргэдийг сонгон урамшуулж, олон нийтэд танилцууллаа.
Үүнд,
1. Цэнгэний Түмэнбаяр

“Хашаандаа сайхан амьдаръя” 412 мянган гишүүнтэй группийг үүсгэн байгуулж, гэр хорооллын иргэдийг бусдаас дэм тус хүлээж суух биш өөрсдийнх нь оролцоотойгоор амьдрах орчныг нь сайжруулахад сэдэл санаа, зөвлөмж зааварчилгаа өгөх, дэмжиж туслах зорилгоор ажиллаж байна.
2. МУГТ Мөнхжанцангийн Анхцэцэг

Хүндийг өргөлтийн спортоор тууштай хичээллэж, 17 насандаа “Рио-2016” олимпын наадамд оролцож, 21 насандаа “Токио-2020” олимпын наадамд шагналт IV байр эзлэн, улмаар 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээн, олон амжилтын эзэн болж, хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдэд хүч тамир, эр зоригийн бахархал болсон юм.
3. Бат-Эрдэнийн Сувд

Түүний тэргүүлдэг “Номын соёлт ертөнц” ТББ нь хавар, намартаа тогтмол хугацаанд “Номын баяр”-ыг төв талбайд зохион байгуулдаг төдийгүй энэхүү арга хэмжээг улс орон даяар тэмдэглэх, төр засгаас анхаарч дэмжих ёстой ажил болгож чадсан “Үндэсний номын баяр”-ыг санаачлан зохион байгуулагч юм.
4. "Азтай савар" Амьтанд хайртай залуус ТББ

Амьтны эрхийг хамгаалах, хүн, амьтан хоорондын аюулгүй, эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэх чиглэлээр 9 дэх жилдээ ажиллаж буй эдгээр залуус ан амьтныг хайрлах энэрэх үзэл хандлагыг нийгэмд түгээн дэлгэрүүлж, ялангуяа хүүхэд залуучуудыг бага жаахнаасаа бусдад ялгамж үгүй сэтгэлээр тусалж дэмжин, энэрэн асрах дадалтай болж хүмүүжүүлэхэд зөв нөлөөлөл үзүүлж байна.
5. Багш, урлаг судлаач М.Аминаа

ОХУ-ын Репины нэрэмжит Дүрслэх Урлагийн Академийн докторант, Дүрслэх Урлаг, Дизайны “Анима” Коллежийн багш тэрбээр урлагийн боловсролыг олон нийтэд тэгш хүртээмжтэй олгоход анхаарч 2017 оноос дэлхийн болон монголын дүрслэх урлагийн түүхийн 200 гаруй лекц, арга хэмжээг зохион байгуулсан. 2019, 2022 онуудад Модерн урлагийн түүхийг таниулах медиа арт болон лекц хосолсон “Синдром Арт Шоу”-г амжилттай зохион байгуулсан. Дүрслэх Урлаг Дизайны Анима Коллежийн тусгай хэрэгцээт оюутнуудад дүрслэх урлагийн мэдлэг, боловсрол олгох ажлыг хариуцдаг.
6. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш М.Эрдэнэцэцэг
Тэрбээр, эрүүл мэндийн салбарт сэргээн засах багийн чухал мэргэжилтний нэг "Хөдөлмөр засалчдыг бэлтгэж, Монголын Хөдөлмөр заслын холбоог байгуулж, Сэргээн засах чиглэлд 2022 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол улсад Бакалавр зэрэгтэй 35 хөдөлмөр засалчийг бэлтгэсэн байна. Хөдөлмөр засалч нь ахмад настан, бэртэл гэмтэл, хөгжлийн бэрхшээл эмгэгийн үед, спорт, хүний хөгжлийн бүх үеүдэд амьдралын үйл ажиллагаанд эргэн ороход туслах үүрэгтэй мэргэжилтэн юм.
7. B9 медиа студи

“Сайн моодыг Монголд” уриатай “МООД” нэвтрүүлгийг санаачлан бэлтгэж, телевизээр 2 дахь жилдээ олон нийтэд хүргэж буй тус хамт олон. Нийгэмдээ зөв зүйлийг хэрхэн "МООД" болгох вэ гэсэн санаачилгын дор нэгдэж, нийслэлд тулгамдаж буй хөгжлийн сэдвүүд болох түгжрэл, утаа, гэр байрны дулаалга, хотын соёл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг энгийнээр шийдэж сайжруулах оновчтой гарц, шийдлүүдийг санал болгож, нийслэл хотынхоо иргэдэд зөв нөлөөлөл үзүүлж байна.
8. Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг нь Олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор түүний баг сүүлийн жилүүдэд “Unfriend”, “Нэг хором”, “Зөв тусгал”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ятгах тусам нягтал”, “Байгаль эн тэргүүнд” зэрэг үлгэр жишээ болохуйц нөлөөллийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна.
9. С.Өлзийтогтох
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу хуучнаар “Дэнжийн мянга зах”-ын ойролцоо "Ногоон нуур" орчмын газрыг өөрийн идэвх санаачилга, хүч хөрөнгөөр засч тохижуулан “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн-усан паркийг байгуулан, хүүхэд багачуудын цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлж, нийгэмд эерэг хандлага, бүтээлч, хөдөлмөрч зан чанарын үлгэр дуурайл болж байгаа юм.


















