Олон нийтийг хамарсан ажил арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо
Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчин ихэссэн тул 2-р сарын 8-ны өдрийг дуустал олон нийтийг хамарсан ажил арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авч байгаа бөгөөд амбулаториор үзүүлсэн иргэдийн 23,5 хувьд томуу томуу төст өвчин илэрсэн, нийт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний 42,1 хувь нь томуугаар өвчилсөн. Эрүүл мэндийн сайдын 258-р тушаалаар өвчлөл 15 хувьд хүрсэн тохиолдолд ямар нэг олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахгүй гэсэн байдаг. Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын захирамжаар 2-р сарын 8-ны өдрийг дуустал аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан ажил арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Өмнөговь аймагт томуу томуу төст өвчний улмаас нэг хүн нас барсан тохиолдол гарсан. Тиймээс иргэн бүр өөрсдийгөө ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, эм эмнэлгийн хэрэгсэл, нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх, иргэдэд хүргэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэн зөвлөгөө, зөвлөмжөөр хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.
Ханиад хүрсэн бол Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших, Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах, халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн газруудаар явахгүй байх, ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах, ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.


















