Олон улсын илгээмжээр хар тамхи хил нэвтрүүлснийг илрүүлэв
Он гарснаас хойш интернет сайт ашиглан гаднаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг ахин гарлаа. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоосон байна.
Мэдээллийн алба

Он гарснаас хойш интернет сайт ашиглан гаднаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг ахин гарлаа. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоосон байна. Тухайлбал, “Нидерландын Вант Улсаас” гэсэн хаягтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирснийг энэ сарын 8-нд илрүүлж, таслан зогсоож, буруутай этгээдүүдийг дайчлан баривчилсан аж.
Мөн өмнө нь өнгөрсөн онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан, нийслэл хотод оршин суух хаягтай, 31 настай эрэгтэй иргэн О-гийн тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох 0.5 грамм Каннабис, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураасан байна.
Дашрамд дуулгахад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ тасралтгүй зохион байгуулан ажилласан. Эл арга хэмжээний хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкийн нэгдсэн улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ.


















