Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангаж ажиллана
"Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдөр "Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа" семинар Мишээл экспо төвийн хоёр давхарын вип танхимд боллоо.
Мэдээллийн алба

"Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдөр "Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа" семинар Мишээл экспо төвийн хоёр давхарын вип танхимд боллоо. Семинарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгуулсан юм.
Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй "Экспортыг дэмжих төсөл", Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Ногоон алт-малын эрүүл мэнд" төсөл, Европын холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын "Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл", Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт" төслөө танилцууллаа.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл", Европын холбооны санхүүжилттэй, "Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид байгууллага /AVSF/-ын "Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг" төслийн зохицуулагч, менежерүүд танилцуулгаа хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, зорилтот бүлэг, дэмжлэг, санхүүжилтийн төрөл зэрэг мэдээллийг нэг дор сонссоноор төсөл, хөтөлбөрүүд өөр хоорондоо мэдээлэл солилцох, харилцан уялдаатай ажиллах, давхцалгүй үйл ажиллагаа явуулах, нэг төсөл нөгөөгөө нөхөх зарчимд шилжих суурь нөхцөл, боломж үүгээр бүрдлээ гэж үзэж байгаагаа зохион байгуулагчид илэрхийлэв.
ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Жаргалсайхан
ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон болон холбогдох албаныхан
Төслүүдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, сургалт, судалгаагаар дамжуулан салбарын хүрсэн түвшнийг ахиулах, байгальд орчин ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд эдгээр төслийг товч танилцуулъя.
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ "ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ"

Дэлхийн банкны "Экспортыг дэмжих төсөл"-ийн бизнес хөгжлийн шинжээч Б.Нямсүрэн
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-ын хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу ахэрэгжиж буй хөнгөлөлттэй зээлийн төслийг уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна. Төсөл экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын өрсөлдөөнийг дэмжих, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.
Санхүүгийн дэмжлэг дэд бүрэлдэхүүн хэсгийн хувьд уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжийн экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай бизнесийн стратеги төлөвлөлт, үйлдвэрийн менежментийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанарын туршилт болон гэрчилгээ авах, бүтээгдэхүүн нэвтрүүлэлт, экспортын яармаг, үзэсгэлэн худалдаанд оролцох, сургалт гэсэн таван төрлийн үйл ажиллагаатай холбооотой гарсан зардлын 50 хувийг нөхөн олгодог байна.
Сургалт, судалгаа дэд бүрэлдэхүүн хэсгийн хувьд, гадаад худалдааны сургалтаар дамжуулан экспортлогчид, экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар зорьж байгаа аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гадаад худалдааны цахим сургалт, гадаад худалдааны үндсэн ойлголт эзэмшүүлэх танхим сургалт, экспортлогч болон экспорт эрхлэхийг зорьж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн захиалгат сургалт, туршлага солилцох хэлэлцүүлэг, семинар гэсэн дөрвөн төрлийн сургалтыг зохион байгуулдаг.
Нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан Монгол орны хувьд, экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү төсөл нь амьжиргааг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох чиглэлээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй бусад хүчин чармайлттай нийцэж байгаа юм.
ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ "НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД" ТӨСӨЛ

"Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсэг нь бэлчээрийн экологийн чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлснээр доройтлоос урьдчилан сэргийлэх, сэргээн сайжруулах ажлыг үр дүнтэй хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Энэ хүрээнд бэлчээрийн мониторингийн үндэсний санг ажиллуулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг бодлогод суулгах чиглэлээр байгууллага, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд бэлчээрийн үндэсний мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр УЦУОСМХ болон холбогдох их сургуулийн профессорууд болон судлаачидтай хамтран ажиллаж байна.
Мөн бэлчээрийн сэргэх чадавхид болон ашиглагчдад суурилсан бэлчээр зохион байгуулалтыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн мэргэжилтнүүд, малчдыг бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөх шинжлэх ухааны үндэслэлтэй суурь мэдээллээр хангах үүднээс Монгол орны бэлчээрийн зонхилох төрлүүдээр боловсруулсан төлөв байдлын өөрчлөлтийн загваруудыг хялбаршуулсан хэлбэрээр зурагт каталогит орууллаа. Түүнчлэн бэлчээрийн судалгааны үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Бэлчээрийн салбарын залуу боловсон хүчнийг чадавхижуулах залуу судлаачдын клуб МУИС-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ, НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ"
Европын холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын "Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн зохицуулагч Г.Мөнхболор
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь (НҮБАҮХБ) Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2018 оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь Монгол Улсад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн экспорт, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Төслөө үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр Улаанбаатар ба Дархан хотод, бэлтгэн нийлүүлэлтийн чиглэлээр Дорнод, Ховд, Хөвсгөл, Төв болон Сэлэнгэ аймгуудад түшиглэн хэрэгжүүлж байгаа юм.
2020 оны 1 дүгээр сар хүртэл хэрэгжих төсөл нь төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд болон бусад холбогдох талтай хамтран ажиллаж байна. Ийнхүү хамтын ажиллагааны үр дүнд цэвэр технологид суурилсан мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжиж, салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид харж байна.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ "ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ" ТӨСӨЛ
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт" төслийн зохицуулагч Я.Нармандах\
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл (ХААХХТ)-ийн нэмэлт санхүүжилт нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016-2020 онд хэрэгжинэ. Төсөлд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр арьс шир, ноос, ноолуур, оёдол, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй, жимс жимсгэнэ, эрчимжсэн мал аж ахуй, хүлэмжийн аж ахуй, шилмэл малын үржил, үрийн үйлдвэрлэл зэрэг хамрагдах боломжтой. Төсөлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжид ерөнхий болон тусгай шаардлага тавина.
Ерөнхий шаардлагад, түүхий эдийн боловсруулалтыг гүнзгийрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү нэмүү өртөг шингээх, чанарыг дээшлүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлснээр нэмүү өртгийг бий болгох, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл эрхлэх, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, нийгэм, жендэрийн тэгш байдлыг хангахыг эрхэмлэдэг, гол зорилгоо болгосон байгууллага хамаргдах юм. Одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжид 44 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ "ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ДЭМЖИХ ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСӨЛ"
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл"-ийн зохицуулагч Т.Энхжаргал
Төслийн хүрээнд малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч, малчид, хоршоод, тариаланчдад хандсан сургалт зохион байгуулжээ. Аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн чадавхийг сайжруулах зорилгоор арьс шир боловсруулах технологийн туршилтыг Монгол шевро, Мон-Ирээдүй компанид хийж, сарлаг, ямааны арьсыг эко технологиор боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг Армоно нэгдэлтэй, туршилтаар гаргасан материалаар сурагчийн гутлын загвар зохион бүтээх, үйлдвэрлэлийн техник баримт бичиг боловсруулах болон шинэ загварын гутал үйлдвэрлэх анхан шатны туршилтыг Бэсүд ХХК-тай, бөөний туршилтын ажлыг үйлдвэр дээр хийхээр "Хас гутал" ХХК-тай хамтран төслөө хэрэгжүүлжээ.
Мөн танхимын сургалт, ажлын байран дээрх сургалт, маркетингийн стратеги, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дугуй ширээний уулзалт, сургагч багш бэлтгэх сургалт, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулсан байна. Өнгөрсөн хугацаанд 56 удаагийн сургалтад 1648 хүнийг хамруулаад байгаа юм.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ, "ХИЛ ХЯЗГААРГҮЙ МАЛЫН ЭМЧ НАР БА АГРОНОМИЧИД БАЙГУУЛЛАГА /AVSF/-ЫН "МОНГОЛЫН НЭХМЭЛИЙН САЛБАРЫН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭКО ТЭМДЭГ" ТӨСӨЛ
Европын холбооны санхүүжилттэй, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид байгууллага /AVSF/-ын хэрэгжүүлж буй "Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг" төслийн менежер У.Сарангоо
Уг төсөл нь нэхмэлийн салбарын боловсруулах үйлдвэрүүд тогтвортой түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улмаар байгальд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний брэндийг үүсгэн бэхжүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдэд холбогдоход тусалж, хэрэглэгчдийн хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Одоогоор Улаанбаатар хот дахь боловсруулах үйлдвэрүүд, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймаг дахь ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос бэлтгэгч хоршоодод төслөө хэрэгжүүлж байна.
Төслийн зорилтот бүлгүүд гэвэл ЖДҮ, мэргэжлийн холбоод, Засгийн газар ба бодлого тодорхойлогчид, Монголын боловсролын салбар, Монгол ба Европ хэрэглэгчид, малчин өрх, хоршоолол ба бэлчээр ашиглагчдын хэсэг юм. Уг төсөл нь санхүүжилт олгодоггүй бөгөөд сургалт, судалгаан дээр суурилдаг, хувийн хэвшлийн санаачилга, сайн дурын үйл ажиллагааг шаарддаг байна.
Төслийг хэрэгжүүлснээр бодитоор бол, Монгол Улсын байгальд ээлтэй тогтвортой ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээ 20 хувиар өсөж, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн жилийн дундаж цахилгаан эрчим хүч болон усны зарцуулалт 5 хувиар буурч, төсөл хэрэгжүүлэгч гурван аймгийн малчин өрхийн орлого өснө гэсэн хүлээлттэй байна.
Мишээл экспо давхарын нэг давхарт: Олон улсын төслүүдийн танилцуулга павильон
Эх сурвалж: ХХААХҮЯ


















