Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой комиссын шийдвэр гараагүй бол сургуулийг амраахгүй

Улсын онцгой комисс болон цаг уурын байгууллагаас энэ сард ойрын 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрнэ хэмээн мэдэгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Онцгой комиссын шийдвэр гараагүй бол сургуулийг амраахгүй
Онцгой комиссын шийдвэр гараагүй бол сургуулийг амраахгүй. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комисс болон цаг уурын байгууллагаас энэ сард ойрын 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрнэ хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, өнөөдрөөс эхлээд энэ сарын 25-ныг дуустал ихэнх нутгаар цочир хүйтэрч салхины хурд 24м/с хүрч, -47 градус хүртэл хүйтэрнэ хэмээн мэдэгдээд буй.

Хүйтний эрч чангарах сургаар цахим орчинд бага, дунд сургуулийн сурагчдыг амраах тухай асуудал ч яригдаж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 23 мянган хүүхэд явганаар сургууль, цэцэрлэгтээ ирж очиж байна. Түүнчлэн 19 мянган хүүхэд нийтийн тээврээр 8 мянга орчим хүүхэд авто машинаар сургууль, цэцэрлэгтээ ирж очдог байна.

Тиймээс нийслэлийн захын гэр хорооллоос сургууль руугаа очихын тулд өчнөөн олон километр алхаж буй багачуудыг ид хүйтний үед амраах хэрэгтэй гэсэн байр суурийг зарим иргэд илэрхийлж байгаа юм. Тухайлбал, эцэг эхийн төлөөлөл Ш.Мөнхжаргал “Манай охин ханиад хүрээд гэртээ гурав хоног хэвтсэн. Өнөөдрөөс л хичээлдээ явж эхэлж байна. Цаг агаар хүйтэрхэд нийтийн тээврийн унаагаар өдөр бүр хүүхдээ зөөхөд хүндрэлтэй байдаг. Наад зах нь гэр, автобусны буудлын хооронд багагүй зайтай учраас даарах тохиолдол их гардаг. Тиймээс хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар амраагаасай гэж бодож байна” гэлээ.

Харин зарим иргэд онцгой байдал зарлагдаагүй л бол сургуулийг амраах нь зөв шийдэл биш гэж харж байна. Тухайлбал, Сэтгэмж цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Нарантуяа “Би нэгдүгээр анги удирдсан багш. Хүүхдүүд маань дөнгөж уншиж, бичиж сурч байгаа учраас цаг хугацаа нилээн шаарддаг. Хэд хоногийн хүйтрэлээс болоод сурагчдыг амраана гэвэл хичээл ном тасалдаж, хоцрогдол үүсч болзошгүй. Тиймээс цаг агаарын байдал ноцтой муудаагүй байгаа үед сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн юм.

Хүйтний эрч чангарч -47 хүрнэ хэмээн мэдэгдсэн энэ үед сургууль, цэцэрлэгийг амраах боломж байгаа талаар бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодрууллаа.

Салбарын яамнаас “Одоогоор иргэдийн ярьж байгаа шиг сурагчдыг амраах, сургуулиудыг амраах шийдвэр гараагүй. Сурагчдын амралт БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурийн гаргасан ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацааны дагуу хэвийн явагдана. Хэрэв хөрсөн дээр -40 градус хүрч хүйтэрвэл яаралтай ажлын хэсэг гаргаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэнэ” гэлээ.

Хэдийгээр цаг агаар хүйтэрч, эцэг эхчүүдээс санал хүсэлт ирсэн байсан ч сургуулийг амраах эрх шууд утгаараа Боловсролын яаманд байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг амраах, хаах шийдвэр гаргасны дараа яам асуудлыг нь шийддэг ажээ.

Үүнээс гадна Бага дунд боловсролын тухай хуульд “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг суманд зудын нөхцөл байдлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг Онцгой комиссоос зарласан тохиолдолд хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулж болох юм.

Хуваалцах