Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймагт 30 орчим айл шар усны үерт автжээ

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор цас хайлж Орхон аймгийн хэмжээнд хэд хэдэн байршилд их хэмжээний ус хураад байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэ, Яргуйт, Их залуу, Яргуйт, Уртын гол багийн нутаг дэвсгэрт хур

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт 30 орчим айл шар усны үерт автжээ
Орхон аймагт 30 орчим айл шар усны үерт автжээ. Зураг: МҮОНРТ

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор цас хайлж Орхон аймгийн хэмжээнд хэд хэдэн байршилд их хэмжээний ус хураад байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэ, Яргуйт, Их залуу, Яргуйт, Уртын гол багийн нутаг дэвсгэрт хур цасны шар ус түрж ороод байна. Үүний улмаас 30 орчим айлын хашаа, гэр, байшин, эд хөрөнгө усанд автжээ. Тиймээс аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум зэрэг байгууллагууд хамтран айлууд эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх, гэр, байшингаас усыг шавхах зэрэг тусламжийг үзүүлж байгаа аж. Мөн эдгээр байгууллагууд хамтран 4 км үерийн сувгийг цэвэрлэжээ. Усанд автсан айлуудын тодорхой хувь нь зөвшөөрөлгүй газарт буусан байжээ.

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал уг ажилд Эрдэнэт үйлдвэрээс техникийн тусламж авах, далан, шуудуу, гудамжинд асгах хайрга, дайрга, шороо бэлдэх, авто замын нөхцөл байдал сайнгүй байгаа тул Хот тохижуулах газар цас цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг үүргийг өглөө.

Одоогийн байдлаар хотын хэмжээнд орсон нийт цасны дөнгөж гуравны нэг нь хайлаад байна гэж аймгийн ОБГ-ын дарга мэдэгдлээ. Цаашид цаг агаар дулаарахад хот руу түрж орж ирэх шар усны хэмжээ улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Өнгөрсөн 2017 онд орон нутгийн төсвийн 532 сая төгрөгийн хөрөнгөөр Шанд, Даваат багт нийт 320м, Говил багт 682м үерийн далан шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66,8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судгийн хог хаягдлыг цэвэрлэх, авто машин болон явган хүний гарцын хэсэгт бөглөрсөн хоолойг нээх болон 7 км суваг шинээр татах, хуучин 5 км сувгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгээд байна.

Хуваалцах