"Орос орныг хэн сайн мэдэх вэ" уралдаан зохион байгууллаа
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд 2017 оны 10-11 сард орон даяар өрнөж байна.
Мэдээллийн алба

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд 2017 оны 10-11 сард орон даяар өрнөж байна.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сарын хүрээнд Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсээс аймгийн төрийн байгууллагын дарга, удирдлагуудын дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн уралдааныг өчигдөр зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд агентлагийн дарга нар идэвхтэй бэлтгэж оролцсон бөгөөд 4 багт хуваагдаж, гэрийн даалгаварт өгсний дагуу багууд мэндчилгээ дэвшүүлж, өөрсдийгөө оросоор танилцуулах, “Орос орныг хэн сайн мэдэх вэ” сэдэвт Орос орны түүх, газарзүй, алдартай хүмүүсийн талаар танин мэдэхүйн асуултад хариулж, “Оросын киног хэн сайн мэдэх вэ?”, “Орос шүлгийг хэн илүү уран яруу унших вэ” , Түргэн хэллэгийн уралдаан, “Орос дууг хэн сайн дуулах вэ” дууны уралдаан зэрэг 6 төрлийн уралдааныг зохион явуулав.

Уралдаанд Увс аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболдоор ахлуулсан “Радуга” баг 36 оноогоор 1-р байр, “Дэглий Цагаан” нисэх буудлын дарга Л.Энхтуяагаар ахлуулсан “Молния” баг 35 оноогоор 2-р байр, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан “Журавли” баг 31 оноогоор гуравдугаар байр, ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очироор ахлуулсан “Вера. Надежда. Любовь” баг 30 оноогоор дөрөвдүгээр байр тус тус эзэллээ.

Уралдаанд байр эзэлж амжилттай оролцсон бүх оролцогчдыг диплом, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна. Уралдааныг ТЗУХ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул хөтлөн явуулж, ТЗУХ-ийн ахах мэргэжилтэн Д.Цэдэв, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Баттогтох нар шүүжээ.






















