Оросын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж магадгүй
ОХУ-ын Төв банк рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд энэ долоо хоногт бодлогын хүүгээ нэг хувиар нэмэгдүүлж магадгүй гэж “Morgan Stanley" үзжээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Төв банк рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд энэ долоо хоногт бодлогын хүүгээ нэг хувиар нэмэгдүүлж магадгүй гэж “Morgan Stanley" үзжээ. ОХУ-ын Төв банкны бодлогын зөвлөл энэ баасан гарагт хуралдах товтой байгаа юм. Рублийн ханш он гарсаар ам.долларын эсрэг түүхэн уналтаа үзүүлээд байгаа бөгөөд барууны эдийн засгийн хоригийн дараа буюу сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд л гэхэд рублийн ханш 20 хувиар сулраад байна. Үүнийг зогсоохын тулд энэ сараас ОХУ-ын Төв банк гадаад валютын нөөцөө ашиглаж эхэлсэн юм. Ингэснээр сүүлийн хагас жилд анх удаа буюу зах зээлд 18.5 тэрбум ам.долларыг нийлүүлжээ. Эдийн засгийн хоригоос гадна газрын тосны ханш олон улсад уналттай байгаа нь ОХУ-д хүндээр тусч байна. Харин ОХУ-ын Сангийн яам ирэх оны төсөвтөө газрын тос үнийг тонн тутамдаа 100 ам.доллар байна гэж тусгаж өгчээ. Гэвч брент төрлийн газрын тосны ханш үүнээс харьцангуй доогуур буюу 86 ам.долларт хадгалагдаж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар газрын тосны ханш тонн тутамдаа 10 ам.доллараар буурахад ОХУ-ын төсвийн орлого таван хувиар тасалдах эрсдэл бий болоод байгаа ажээ.


















