Оюутолгой ба Антре голд
Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг “Антре голд инк” компани манай улсад 2000 оны эхээр хөл тавьж, “Анртэ голд” хэмээх охин компаниа байгуулж байсан. Тус охин компани 2003 оноос “шивээ толгой” болон “жавхлант”-ын талбайн тусгай зөвшөөрлүүдийг 100 хувь эзэмших болсноор, оюутолгойн тусг
Мэдээллийн алба

Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг “Антре голд инк” компани манай улсад 2000 оны эхээр хөл тавьж, “Анртэ голд” хэмээх охин компаниа байгуулж байсан. Тус охин компани 2003 оноос “шивээ толгой” болон “жавхлант”-ын талбайн тусгай зөвшөөрлүүдийг 100 хувь эзэмших болсноор, оюутолгойн тусгай зөвшөөрлийн зэргэлдээ хайгуул хийх эрхтэй болсон юм. Тухайн үед “Айвенхоу майнз лимитед” компани оюутолгойн бүлэг ордын үргэлжлэлийг нээхийн тулд, “Антре голд”-ын эдгээр талбайд хамтран ажиллах санал тавьж байлаа. Ингээд хоёр тал 2004 оны аравдугаар сарын 15-ны өдөр ашиг хуваах гэрээг үзэглэж, “Айвенхоу майнз лимитед” компани “шивээ толгой” болон “жавхлант”-ын талбайд 35 сая долларын өрөмдлөг хийж, олдсон эрдэсийн 70-80 хувийг эзэмшихээр тохиролцсон юм. Ингэхдээ, “Жавхлант” болон “Шивээ толгой”-н зүүн талбайн 560 метрээс доош орших эрдсийн 80 хувийг, 560 метрээс дээш орших эрдсийн 70 хувийг “Айвенхоу майнз” компани эзэмшихээр “Антре голд инк”-тэй тохиролцож байлаа.
Тохиролцсон ёсоор, “Айвенхоу майнз лимитед” компани 35 сая долларын хөрөнгө оруулалтыг 2008 оны зургаадугаар сард хийж дуусган, Жавхлант болон Шивээ толгойн зүүн талбайн нөөцийн 70-80 хувийг эзэмших эрхтэй болсон. Тухайн үед, энэ эрхээ өөрийн охин компани болох “Айвенхоу майнз монголиа инк” рүү шилжүүлж байсан баримт байна. Өөрөөр хэлбэл, “Айвенхоу майнз лимитед” компани оюутолгойн зэргэлдээх талбайд хайгуул хийснээр “хойд хюго” ордын хүдэржилтийг “Шивээ толгой”-н талбайгаас, “Херуга” ордын хүдэржилтийг “жавхлант” талбайгаас илрүүлж, нөөцийн 70-80 хувийг өөрийн охин компани болох “Айвенхоу майнз монголиа инк” рүү шилжүүлж байлаа. Үүнийг Оюутолгойн хувь нийлүүлэгчид рүү шилжүүлэх, дараа нь засгийн газар уг эрхийн 34 хувийг эзэмших тухай ч, 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д тусгаж өгсөн давуу тал бий. Гэрээний дагуу “Айвенхоу майнз монголиа инк” компанийн эзэмшилд байсан 70-80 хувийг “Оюутолгой” компани руу шилжүүлсэн байдаг.

Ингэхдээ, “Айвенхоу майнз монголиа инк” компанийг “Оюутолгой” компани болгон өөрчлөх замаар дээрх эрхийг шилжүүлсэн байгаа юм. “Шивээ толгой” болон “Жавхлант”-ын талбайн нөөцийн 20-30 хувийг “Антре голд” компанийн эзэмшилд хэвээр байна. Үүнийг оюутолгойн хувь нийлүүлэгчид рүү шилжүүлэх ёстой гэсэн зүйл заалт хөрөнгө оруулалтын гэрээнд байдаггүй учраас тэр юм. Дээр нь “Шивээ толгой” болон “Жавхлант”-ын талбайн тусгай зөвшөөрөл “Атнре голд”-ын эзэмшилд байсаар байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд, “шивээ толгой”, “жавхлант”-ын талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц, ашиглалтын болгон өөрчилнө гэж тусгасан байдаг. Энэ дагуу, 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр шивээ толгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг 15226 тоот ашиглалтын, жавхлантын хайгуулын тусгай зөвшөөрлийг 15225 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчилж, 30 жилийн хугацаатай “Антрэ голд” компани эзэмшүүлжээ. Тэгвэл үүнийг шинэчлэлийн засгийн газар хууль бус шилжүүлэг гэж үзсэн юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын болгох нь яамны сайдын эрхлэх асуудал биш, Ашигт Малтмалын Газрын шийдэх асуудал байдаг. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Зоригтын 2009 онд гаргасан тушаалыг Уул, уурхайн сайд Д.Ганхуяг энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгож, энэ асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газарт өгсөн юм. Тэр дагуу, ашигт малтмалын газрынхан, оюутолгойн бүлэг ордод хамаардаг “шивээ толгой” болон “жавхлант”-ын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, барьцаалан захиран зарцуулах эрхийг түр царцааж 15225, 15226 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” компани руу шилжүүлэхийг шаардаж байлаа. Энэ шаардлагаа ч, өнгөрсөн 2 сарын зургааны өдөр эхлүүлсэн оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургадугаар хуралдаанд тавьсан ч, хөрөнгө оруулагч тал хүлээж аваагүй. Харин өнгөрсөн есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд лондонд үргэлжилсэн оюутолгойн хэлэлцээрээр энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн гэж холбогдох албаныхан мэдэгдэж байсан.
Уул, уурхайн яамны тооцоолсноор, жавхлант болон шивээ толгойн талбайд оюутолгойн нийт зэсийн нөөцийн 18 хувь, алтны нөөцийн 32 хувь, мөнгөний нөөцийн 23 хувь, молибдений 87 хувь байдаг байна. Одоо оюутолгой компани энэ нөөцийн 70-80 хувийг эзэмшиж байгаа. Оюутолгой компаниар дамжуулан энэ нөөцийн 34 хувийг манай засгийн газар эзэмшиж байгаа юм. Хэрэв “Антре гоулд”-ын эзэмшилд байгаа “шивээ толгой” болон “жавхлант”-ын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” компани руу шилжүүлбэл, үлдэх 20-30 хувиас манай тал 34 хувийг мөн эзэмших боломжтой болох юм. Эндээс оюутолгойн төсөл хэрэгжих хугацаанд, монголын талын ногдол ашиг 1.4 тэрбум доллараар өсөх бололцоотоой гэж салбарын яамныхан тооцож байна. Гэхдээ энэ нь биеллээ олох эсэх нь “Антре” гоулдын хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс хамаарах болчихоод байна. “Антре голд инк” компанийн 20 орчим хувийг оюутолгойн хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тодруулбал, 9 хувийг “Туркойз хилл” компани эзэмшдэг бол, 11 хувийг “Рио Тинто” компани эзэмшиж байгаа юм.

Энэ хоёр компани “шивээ толгой” болон “жавхлант”-ын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Оюутолгой компани руу шилжүүлэхийг зөвшөөрөх ч, үлдэх хувьцаа эзэмшигчид үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Уг нь Антре голд инк компанийнхан энэ талаар хөрөнгө оруулагчиддаа хэдийнэ танилцуулсан тухайгаа аравдугаар сарын 1-ний өдөр мэдээллэж байсан. Гэхдээ эцсийн шийд гараагүй хүлээлтийн байдалтай байна. Үүнтэй холбоотойгоор, “Антре голд”-ын эзэмшилд байгаа “жавхлант” болон “шивээ толгой”-н ашиглалтын тусгай зөвшөөрлийг өнөөг хэр нь Оюутолгой компани руу шилжүүлээгүй байж болох талтай. Одоогоор ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байнгаа учраас ингэж хэлж байгаа юм. Ер нь манай улсад ашигтай гэгдэх эдгээр тусгай зөвршөөлийг оюутолгой компани руу хэзээ шилжүүлэх талаар “Эрдэнэс-оюутолгой” компанийн дэд захирал Д.Даваадоржоос тодруулахад, яриа хэлэлцээр хийгдэж байгаа. Энэ талаар ойрын үед мэдээлэл хийнэ гэснээс өөр тайлбар өгсөнгүй.
А. Энхтуул


















