“Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэн энэ сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ
тус үзэсгэлэнд “Репиний академийн Шадар 3”-ын гэр бүлд хадгалагдаж байгаа уран зургууд, судалбар, таталбар, гар бичмэлүүдийг дэлгэжээ.
Мэдээллийн алба

Өдийг хүртэл 265 жилийн турш сонгодог урлаг, академизмыг хөгжүүлсэн Оросын хамгийн эртний, хамгийн том дүрслэх урлагийн академи бол Илья Репины нэрэмжит Санкт-Петербург хотын Дүрслэх урлагийн академи билээ. Энэхүү сонгодог урлагийн их өргөөнд 1952 онд анх монгол уран бүтээлч Л.Гаваа суралцсанаас өдийг хүртэл 70 гаруй алдар нэрт уран бүтээлчдийг төгсгөсөн нь Монголд академизмын сонгодог дүрслэх урлагийн дэг сургууль бүрэлдэн тогтож хөгжихөд том хувь нэмэр болсон.
Монгол арт галерейгаас санаачлан Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Репиний академийн Шадар 3” буюу Монголын дүрслэх урлаг тэр дундаа суурь уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураач болох Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Ё.Өлзийхутаг, зураач С.Элбэгдорж нарын "Өвийн дээжис" болох тусгай үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.
Монгол арт галерейгаас нэг жилийн өмнөөс зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагчид, урлаг судлаачидтай холбогдон, “Репиний академийн Шадар 3”-ын тухай холбогдох материал цуглуулж эхэлсэн байна. Ийн тус үзэсгэлэнд “Репиний академийн Шадар 3”-ын гэр бүлд хадгалагдаж байгаа уран зургууд, судалбар, таталбар, гар бичмэлүүдийг дэлгэжээ.
Тус үзэсгэлэн 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.


















