Румынд шинэ Засгийн газар тангарагаа өргөв
Өчигдөр Румыны парламент Европын холбоонд хөдөө аж ахуйн комиссараар ажиллаж байсан Дачиан Чолош тэргүүлсэн технократ Засгийн газрыг батламжилсан байна.
Мэдээллийн алба

Өчигдөр Румыны парламент Европын холбоонд хөдөө аж ахуйн комиссараар ажиллаж байсан Дачиан Чолош тэргүүлсэн технократ Засгийн газрыг батламжилсан байна. Парламентын санал хураалтын дараа Румыны шинэ засгийн газрын сайдууд тангарагаа өргөж, бүрэн эрхээ эхлүүлжээ.
Өмнөх Ерөнхий сайд Виктор Понтагийн Засгийн газар 56 хүний аминд хүрсэн гал түймэртэй холбоотой олон нийтийн эсэргүүцэл дургүйцлийн дунд огцорсон юм. Гэвч Румыны зарим улс төрч Дачиан Чолошийг засгийн эрх барихад тохиромжгүй хүн гэж үзэж, түүнийг Ерөнхий сайдаар томилсонд шууд эсэргүүцэх хандлага гаргаж байгаа юм байна. Харин Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнис “Шинээр бүрэлдсэн Засгийн газар нь нэг жилийн хугацаанд улс төрийн хүрээнийхнийг ард иргэдтэйгээ илүү ойр, уялдаатай ажиллах зорилготой байгуулагдсан, нэг жил гэдэг бол улс төрд богино хугацаа. Гэхдээ румынчуудыг засаглахад хангалттай хүрэлцэнэ” гэдгийг тангараг өргөх ёслолын үеэр тэмдэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн таагүй нөхцөл байдлаас үүдэж төр засагтаа итгэх итгэл нь суларсан ард түмнийхээ итгэлийг сэргээх үүргийг нэг жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Засгийн газартаа хүлээлгэж байна.


















