“С.Баярцогтоо, чи Монголын төрийг муухай харагдуулаад байна”
Энэ сарын эхээр олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11 сая нууц материалыг олон нийтэд ил болгосон. Харин манай улсаас нийт 49 иргэн, компанийн нэр оффшор данстай хэмээн зарлагдсан.
Мэдээллийн алба

Үүний дунд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт байгаа нь иргэдийн дунд ихээхэн асуудал дэгдээгээд байгаа. Монгол Улсын сайд хүн оффшор бүсэд данстай байгаад ямар хариуцлага тооцох талаар одоогоор хуулийн байгууллага болон төрийн өндөрлөгүүдээс ямар нэг албан ёсны байр суурийг илэрхийлээгүй.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрөөр Дархан-Уул аймагт ажиллахдаа энэ талаарх иргэдийн асуултад хариулсан байна. Тэрбээр юун түрүүнд төрийн албан хаагчид оффшор буюу “эргийн гаднах” үйлчилгээ авахыг хориглох ёстой. Хуулиар энэ бүхнийг шийддэг байх ёстой гэдэгт санал нэг байгаа гэдгээ хэлжээ. Түүнчлэн С.Баярцогтыг хариуцлага хүлээх ёстой, дахиж их хурлын сонгуульд нэр дэвших хэрэггүй гэдгийг хэлсэн гэсэн юм. Мөн ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа гэлээ.