С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20 ардчиллын “Алтан хараацай”, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр юм. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд уламжлал ёсоор
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20 ардчиллын “Алтан хараацай”, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр юм. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
Эргэн дурсахуй:
Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Тэрээр 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны зургаадугаар сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг.
С.Зориг 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. Гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. С.Зориг нь Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.
Хэлсэн үг

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
Бидний хувь заяа бидний гарт л байна
Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай
"Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүст зайлшгүй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ үгийг сонсохгүй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгүй зүйл."
"Улс төрч өөрөө асар ухаантай хүн байх шаардлагагүй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хүмүүсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хүний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрүүлээд чиглүүлж чаддаг байх нь чухал. Чадалтай хүмүүстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар."
"Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүмүүсийг ажилтай болгох нь чухал."
"Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч үзэх хэрэгтэй.
Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг.
Намынхаа ашиг сонирхлыг.
Аливаа нэг санхүү эдийн засгийн бүлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бүлгийн сонирхлыг.
Хувийн сонирхлоо тавъя. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах түвшинд орно….”


















